Хүүхэд байхдаа эсвэл оюутан ахуй цагтаа маргаашнаас хичээлдээ анхааралтай сууж онц сурна, өдөр шөнөгүй хичээлээ давтаж байгаад ирээдүйд манлайлагч болно гэж боддог байсан уу? Магадгүй олон хүн өөртөө өгсөн амлалтаа биелүүлж, мундаг хүн болсон байх. Бас магадгүй олон хүн амлалтандаа хүрэлгүй, бусдын дунд урсаж яваа биз ээ.

Ер нь та аль төрлийн хүнд хамаарах бол?

Жишээ:

Олонх эмэгтэйчүүд маргаашнаас эрүүл хооллож, дасгалд явна, тэгээд гоолиг сайхан биеэрээ гайхуулж, хүссэн хувцсаа өмсөж, бусдын харааг булаан гунхалзаж алхана гэж боддог шүү дээ. Эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүд ч гэсэн булчин шөрмөс зангирсан сайхан залуу болж, эрүүл амьдрахыг мөрөөддөг. Бүгдээрээ л өмнөө зорилго тавихдаа хөөрхөн хугацаа заачихнаа. Яг нэг дэх өдрөөс.

Түүний наана тохиох мягмар, лхагва, пүрэв, баасан, бямба, ням гаригууд бол тэгээд л жаргалын өдрүүд. Тэртэй тэргүй нэг дэхээс дасгал хийж ядарна. Бэлтгэлээ базааж авахын тулд хүссэнээрээ иднэ, ууна, унтана, амарна.

Аз болж, зорилго биелэгдвэл нэг дэх өдрөө дасгалд явна. Энэ нь хэсэг хугацаанд л үргэлжлэх нь бий. Олонхид нь нэг дэх өдөр заавал эз таарч ажил гарах юм уу, эсвэл ирэх 7 хоногийн нэг дэх өдөр болтол хойшлуулна. Эцэст нь нөгөө гоолиг сайхан бие, булчин шөрмөс зангирсан бие хааны оронд өөх, тос, хөгшрөлт гэсээр эцэстээ явдаг жорлон гэсэн муу нэр зүүж, хууч өвчинтэй болоод дуусдаг.

Магадгүй та энэ жишээн дээр дурьдагдсан нэгэн биш бол тун сайн хэрэг юм.

Бас нэгэн жишээ.

Хүн бүр гадаад хэлийг эх хэл шигээ эзэмшихийг хүсдэг болсон цаг. Дамжаа секцэнд явж үзээгүй хүн ол гэвэл өвсөн дотроос зүү эрэхтэй адил бизээ.

Харамсалтай нь мөн л цаг зав, ажил, хичээл гэсэн шалтгаанаар эхний 7 хоногтоо л дамжаандаа идэвхитэй гүйчихээд, ихэнх тохиолдолд төлсөн төлбөртөө харамсаад л салдаг. Хэсэг хугацааны дараа дахиад л бүртгүүлж, дахиад л...

Мэдээж та хичээнгүйлэн суралцаж чадсан нэгэн бол, өөртөө маш олон боломжийг нээсэн биз ээ.

Дахиад нэг жишээ.

Олон хүн санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг мөрөөддөг. Хүссэн үедээ хүссэн цагтаа дуртай зүйлсээ худалдан авч, дуртай газраараа аялж зугаалахыг хүсдэггүй гэж хүн гэж үгүй бизээ. Мэдээж хэн нэгнээс их хэмжээний мөнгө өв залгамжилж авахгүй л бол, гэнэт санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ гэдэг мөрөөдөл төдий. Авахыг хүссэн бүхэн алсад байх нь бий.

Бид үүнийгээ цалин багатай хоол ундандаа л дөнгөж хүргэж байна гэж тайлбарладаг. Гэтэл өөртэй чинь хамт ажилладаг, яг адилхан цалин авдаг нэгэн, чиний мөрөөдлийн машиныг унаад сүнгэнэж явахтай та таарсан л байх. Байгууллагын мөнгө идчихвүү гэж хардахын оронд, тэр хүн машин авахыг хүссэн учраас түүндээ зориулж мөнгө хадгалсан учраас, дутсан заримыг нь зээл аваад төлсөн гэдэгтэй би лав мөрийцөхөд бэлэн байна. Тэгвэл та өөрийн зорилгодоо зориулж мөнгө хадгалдаг уу? Олон хүн өрийг бол яаж ийгээд дардаг. Харин хуримтлалыг үргэлж хойш нь тавьдаг.

Тэгвэл сард 50,000 төгрөг хуримтлуулна гэсэн зорилго өөртөө тавиад, яг өрөө дарж байгаа юм шиг, хурааж хуримтлуулж чадвал, та тун удахгүй хүссэн зорилгодоо хүрэх болно. Найзынхаасаа гоё машин унаж  яагаад болохгүй гэж?

Эцэст нь хэлэхэд та зорилгоо битгий хойшоо нь тавиарай. Зорилгоосоо зугтагсад, хойш тавигсдад боломж үргэлж хаалттай байдгийг санаарай.

 

 

Topics: оюутан

EduGolomt

Нийтэлсэн EduGolomt

Монгол улсын тэргүүлэх банк

ӨРХИЙН САНХҮҮ


New Call-to-action

БАНК САНХҮҮ


New Call-to-action

ХУРИМТЛАЛ


New Call-to-action