Орчин үеийн нийгэмд зээл бол санхүүгийн хамгийн том хөшүүрэг. Зээлгүйгээр бүтэх ажил, урагшлах бизнес гэж үгүй. 100 төгрөг зээлээд нэг саяыг хуримтлуулж чадвал тэр жинхэнэ бизнесмэн. Гэхдээ тэр өндөрлөгт хүрэхийн тулд зээлийг хэнээс, хаанаас авах вэ гэдэг бас их чухал. Өнөө цагт бизнес эрхэлж буй хүмүүсийн санхүүгийн гол багана нь банк.

Тиймээс банкны шалгуурт нийцсэн хүн л зээл авах боломжтой гэж ойлгож болох юм. Гэхдээ тэр шалгуур нь чухам юу байх, түүнийг нь хэрхэн хангалттай хэмжээгээр бүрдүүлж чадах эсэхээ тухайн хүн яаж мэдэх вэ?

Банк тухайн хүнд зээл өгөх эсэхээ шийдэхдээ тодорхой зарчмуудыг баримталдаг бөгөөд хэрэвээ та дараах таван зарчмыг биелүүлчихсэн байхад асуудалгүй зээл авах юм байна. Үүнд:

  1. Зээлийн хэрэгцээгээ тодруулсан байх
  2. Банкны суурь шаардлагыг хангаж чадаж байна уу?
  3. Та банкнаас авах зээлээ төлж чадах уу? гэдгээ тодорхойлох хэрэгтэй
  4. Төлж чадна гэдгээ батлах
  5. Барьцаа хөрөнгө байна уу?

Дээрх таван зарчмыг хэрэгжүүлчихсэн байхад ямар ч банк танд зээл олгохдоо дуртай байх нь гарцаагүй. Иймд эдгээр зарчмуудыг энгийнээр дэлгэрүүлэн тайлбарлая.

Зээлийн хэрэгцээгээ яаж тодорхойлох вэ?

Яагаад энэ зээлийг авах хэрэгтэй байгаагаа эхлээд тодорхойлох хэрэгтэй. Тухайлбал  зээлийг бизнесээ өргөжүүлэхэд тань тоног төхөөрөмж хэрэгтэй байгаа юм уу? Эсвэл эргэлтийн хөрөнгө хэрэгтэй байна уу? Энэ мэтчилэн хэрэгцээгээ тодруулсан ойлгомжтой мэдээлэл байхын зэрэгцээ танд хэдий хэрийн хөрөнгө чинээ хэрэгтэй байгааг ч тэмдэглэхээ мартаж болохгүй. Жишээ нь, та орон сууц худалдан авах гэж байгаа бол яагаад энэ орон сууцанд орох шаардлагатай байгаагаа бодитоор илэрхийл. Магадгүй одоо оршин суугаа газар тань үнэхээр тав тухгүй, нялх нойтон хүүхэд амьдрахад яагаад ч болмооргүй байгаа бол зураг хөргийг нь аваад банкны ажилтанд танилцуул.

Магадгүй та жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхээр зээл хүсч байгаа хүн байж болох  юм. Энэ тохиолдолд зээл авбал ямар үр дүнд хүрэх, хэчнээн төрлийн үйлдвэрлэлийг  бий болгож чадахаа тодорхой илэрхийлэх хэрэгтэй. Жишээ нь, та хүүхдийн хувцасны үйлдвэр байгуулах гэж байгаа бол энэ бизнес тань зах зээлд хэр эрэлттэй байх, хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангахыг маш тодорхой тусгах хэрэгтэй. Хамгийн гол нь таны бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, цаашид зээлээ эргэн төлөх нэгэн бодит нөхцөл болно гэдгийг мартаж болохгүй.

Банк танаас юу шаардах вэ?

Та зээл авахын тулд тухайн банкны суурь шаардлагуудыг хангасан байх ёстой. Банкууд вэб сайт болон брошураараа дамжуулан суурь шаардлагуудаа дэлгэн тавьдаг. Тиймээс тэдгээрээс эхлээд мэдээллээ авна гэсэн үг. Ер нь дийлэнхдээ аль ч банк танаас шаардах нийтлэг зүйл нь:

  • Тодорхойлох боломжтой орлогоороо банкнаас тавьж буй шалгуурыг хангах, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө төлөх боломжтой байх,
  • Зээл хүсэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх,
  • Тухайн байгууллагад ажиллаж байх, цаашид тогтвор суурьшилтай ажиллах, сүүлийн 6 сараас доошгүй хугацаанд тухайн байгууллагад ажилласан байх,
  • Банк шаардсан тохиолдолд хөрөнгө барьцаалах, даатгуулах боломжтой байх,
  • Банк шаардсан тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгчтэй байх,
  • Банктай цалингийн зээлээр хамтран ажиллах гэрээтэй байгууллагын ажилтан байх.
  • Цалин болон түүнтэй адилтгах нөхөн олговроо банкаар дамжуулан авдаг байх, зэрэг шаардлагыг тавих нь нийтлэг юм. Харин та банкнаас зээл авахын тулд ямар материал бүрдүүлэх ёстой вэ?

Бүрдүүлэх материал:

  • Сүүлийн 6 сарын хугацааны дотор авахуулсан цээж зураг
  • Цахим үнэмлэх эх хувиар, эсвэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч тус бүрийн/
  • Цалингийн тодорхойлолт, бусад баримт /Нийгмийн даатгалын дэвтэр, шаардлагатай тохиолдолд цалингийн цэс эсвэл дансны хуулга
  • Барьцаа хөрөнгийн бичиг баримтууд
  • Бусад банк болон ББСБ-аас авсан төлөгдөөгүй зээлийн өрийн үлдэгдэлтэй зээлийн гэрээ, дансны хуулга/төлбөр төлсөн баримт зэргийг эртнээс бэлтгэсэн байхад гэмгүй шүү.

Банкны дээрх шаардлагуудыг та хангаж байна уу. Үүнийг дахин нэг нягтлаад үзээрэй. Материал дутуу бол дахиад л бүрдүүлэх шаардлага гарч, цаг алдахын нэмэр шүү дээ. 

Та зээлээ төлж чадах уу?

Энэ асуулт бол таныг зээл авахад ихээхэн нөлөөлөх зүйл. Та ирээдүйд бизнес, үйл ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх, түүгээрээ зээлээ хангалттай төлөөд явж чадна гэдгээ харуулах хэрэгтэй. Ингэхдээ бизнес төлөвлөгөө гаргавал их зүгээр. Бизнес төлөвлөгөө гэхээр манайхан их томоор хүлээж аваад байдаг. Гэтэл энэ нь та бизнесээ хийхэд шаардлагатай зүйлсээ л тодорхойлчихсон байх хэрэгтэй гэсэн үг юм. Үүнд ирээдүйн орлого, зардлаа тооцож, зорилтот хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ тодорхойлох, бүтээгдэхүүн, маркетингаа ч тооцсон байх хэрэгтэй. Гэхдээ банкууд зээлдэгчтэй зээлийн гэрээ байгуулах үедээ зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хавсралтаар баталдаг. Ингэхдээ зээлийн хугацаанд тухайн зээлдэгч сар бүр зээл болон зээлийн хүүнд хэдэн төгрөг төлөхийг зааж өгдөг юм.

Эргэн төлөлтийг тооцох хоёр арга бий. Нэг нь зээл болон хүүгийн төлбөр нь сар бүр тэнцүү байдаг бол нөгөө аргын хувьд сар бүр төлөх үндсэн зээлийн төлбөрийг нь сар бүр тэнцүү байхаар тооцож үүнтэй холбоотойгоор зээл болон хүүгийн төлбөр нь сараас сард буурч байхаар тогтоодог аж.

Төлж чадна гэдгээ ингэж батал

Ингэж баталсан тохиолдолд л банк танд зээл өгнө гэдгийг санаарай. Ер нь таны орлого банкны дансаар дамждаг байвал хамгийн том баталгаа болох юм. Ингэснээр таныг зээлээ төлж чадах эсэх тооцооллыг хийхэд улам л хялбар болох аж. Бас бусад төлбөрийн баримтуудаар орлого зарлагаа харуулах хэрэгтэй учраас баримтуудаа хаяж болохгүй. Мөн өмнө нь хэрхэн ажиллаж байсныг тань батлах гэрээнүүдээ ч цэгцлээрэй.

Барьцаа хөрөнгө бий юу?

Барьцаа хөрөнгө бол би авсан зээлээ төлж чадахгүй бол банкинд буюу банкинд мөнгөө хадгалуулсан бусад хүмүүсд хохирол учруулахгүй гэдгээ баталгаажуулж байгаа хэлбэр юм. Иймд та өөрт байгаа хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөө барьцаанд хүрэх эсэхийг тодорхойлоорой. Хэрэв барьцаанд хүрэхгүй бол батлан даалт болон баталгаа зэрэг бусад боломжуудыг хайгаад үз.

Topics: Зээл

EduGolomt

Нийтэлсэн EduGolomt

Монгол улсын тэргүүлэх банк


New Call-to-action


New Call-to-action


New Call-to-action