Намайг дунд сургуулийн сурагч байхад аав минь төслийн санхүүжилтэд хамрагдаж, жижигхэн бизнесээ өргөжүүлж байсныг мартдаггүй юм. Ардчиллын шуурганаар ажилгүй болж, үзэг харандаахан зах дээр худалдах наймааны ажлаас өөр зүйлгүй үлдсэн аав минь төсөл бичиж, жижигхэн лангуугаа мухлагийн хэмжээнд хүргэсэн нь бидний амьдралыг тэгэхэд хэрхэн өөрчилснийг санахад урамтай шүү. 2000 оны эхэн үе буюу эдийн засгийн хүндхэн тэр он жилүүдэд бидний амьдралыг өөд нь татсан тэр төсөл, зээлтэй холбоотой өнгөгүй хар фото зургууд цаанаа л сэтгэл сэргээгээд ирдэг юм.

Ухаантай, урагштай, урам зоригтой хүн бүхний мэдэх ёстой зүйлийн нэг нь бага хүүтэй, барьцаа багатай төслийн зээл гэж би боддог. Багаасаа л энэ бүхний учир утга, үнэ цэнийг мэдэрч өссөн болохоор цаг гарган үүнд санаачлагатай хандах ёстой гэсэн бодолтой явдаг. Ялангуяа, шинэ бизнесийг хөл дээр нь бат зогсох хүртэл ус агаар мэт хэрэгтэй хөрөнгийг ийм аргаар олох нь ч ашигтай санагддаг. Гэвч цөөнгүй хүн энэ аргыг тойроод өнгөрчихдөг нь харамсалтай. Ялангуяа, гадаад, дотоодын сайн санаат байгууллагуудын урт хугацаатай, бага хүүтэй зээл, тусламжийг мэдэхгүйгээсээ болж шантрах тохиолдол элбэг.

Иймээс олон улсын байгууллагын, Засгийн газраас хэрэгжүүлдэг жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, байгаль орчныг хамгаалах чиглэлийн төслийн зээлүүдэд хэрхэн хамрагдах талаар товчхон, бас тодорхой мэдээлэл олсноо уншигч тантай хуваалцъя.

Жайкагийн зээлд хамрагдах үе шат

Манай улсад төслийн санхүүжилт олгодог хэд хэдэн байгууллага бий. Тэдгээрээс судалж, төслийн зээлийнх нь талаар зарим мэдээллийг цуглуулсан юм. Энэхүү мэдээллийн заримаас нь хүргэе.

Жишээ нь, "Голомт" банк Япон улсын Жайка олон улсын байгууллагаас санхүүжигддэг, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр олгогддог хөнгөлөлттэй нөхцөлтэй төслийн зээлийг олгодог юм байна. “Банкны шаардлага хангасан төслийг банкууд Жайка байгууллагад илгээдэг. Тэгэхээр та Жайкагийн төсөлд хамрагдахын тулд банкны бүх шаардлагыг хангасан байх ёстой” гэж Технож бизнес, инкубатор төв ТББ-ын захирал Г.Галаарийдий ярьж байна. Монголчууд маань бизнес эрхлэхдээ алддаг нийтлэг алдаа, дутагдлын талаар ч тэрээр цаг гарган хуваалцсан юм шүү. Энэ талаар доор илүү дэлгэрэнгүйгээр тайлбарлахыг хичээе.

Энэ санхүүжилтэд хамрагдахын тулд та:

  • Үйл ажиллагаа, бизнесээ өргөжүүлэх тухай төслөө бичсэн байх ёстой. Тус төсөлд таны бизнесийн гадаад, дотоод орчны судалгаа, хэрхэн өргөжүүлэх төлөвлөгөө, хэрэгцээт бараа, материал, тоног төхөөрөмжийн тооцоолол зэрэг шаардлагатай бүх  мэдээллээс гадна хүсч буй мөнгөн дүнгээ ч тодорхойлно. Та төслөө бичихээс өмнө шаардлагатай мэдээлэл болон зөвлөгөөг Голомт банк болон Жайка төслийн нэгжээс авах боломжтой. Энэ бол хамгийн эхний шалгуур юм шүү. Монголчууд бизнес төслөө бичнэ гэхээр хүнээр бичүүлэх, эсвэл хүний нүдэнд эвтэйхэн л харагдаж байвал бусад нь дараагийн асуудал мэтээр хөнгөн хуймгай ханддаг талаар Г.Галаарийдий ярьж байна. Жишээ нь, та бизнес төслөө бичихдээ эрсдэл, тухайн эрсдэлийг хэрхэн тооцож, давж гарах талаараа нэгд нэгэнгүй бичсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, төслөө өөрийн гараар, өөрийн сэтгэл зүрхээрээ, тархиараа бич гэсэн үг. Тэр эрсдэлийг та тойрч гарах аргаа олсон бол олох цэвэр ашиг, орлого, түүнээс зээлийн эргэн төлөлтөө хийх хуваарь зэргийг бодитоор судалж гаргаж ирэх ёстой юм шүү.
  • Төслөө бичсэн бол дахиад нэг удаа уншаад үзэхэд гэмгүй. Яагаад гэвэл манайхан заримдаа төсөл нь банкинд дэмжигдэж, бүтлээ гэвэл олдсон дээр нь л авчихъя гэсэн байдлаар хандах гээд байх нь элбэг. Жишээ нь, манай аав тухайн үед төслөөс зээл авсан нь сайн хэрэг байсан ч шаардлагатай бүх санхүүжилтээ тусгаж чадаагүйгээс манай бизнес аавын хүссэн шиг хэмжээнд хүртлээ өсч чадаагүй. Яагаад гэвэл зөвхөн эргэлтийн хөрөнгөөр санхүүжилтээ тооцсон нь алдаа байсан. Тиймээс эргэлтийн хөрөнгөөс гадна зээлээ эргэн төлөх, эрсдэлийг удирдах, эрсдэлийг даван туулах, техник төхөөрөмж худалдан авах, түүний засвар үйлчилгээ гээд маш олон зүйл үүнд багтаж байгаа юм. Ингэхээр зээлийг олдсон дээр нь авчихъя гэж шүүрэхээсээ өмнө та бизнестээ хэрэгтэй бүх зардлыг тооцож чадсан уу гэдгээ өөрөөсөө асуугаарай. Та дутуу дулимаг тооцоо гаргасан бол түүний төлбөрийг бүтэлгүйтлээр төлнө гэдэг нь маргашгүй үнэн юм шүү. “Долоо хэмжиж нэг огтолсон” төсөл тань бэлэн болсон бол зээлийн хүсэлтээ "Голомт" банкны аль ч салбарт гаргаж болно. Өөртөө аль ойр салбарт хандан хүсэлтээ илэрхийлээрэй. Ингэвэл санал хүсэлт, холбоо барих гээд олон зүйлд ашигтай.
  • Банк таны хүсэлтийг хүлээн авч зээлийн судалгааг хийж эхлэнэ. Өөрөөр хэлбэл, банк таны бизнесээс гадна өөрийн тань орлогын эх үүсвэрийг ч алдалгүй судална. “Та шинэ бизнесээ төслийн санхүүжилтээр дэмжүүлэхийг хүсч байгаа бол судалгаагаагаа маш нарийн гаргасан байх ёстой. Зөвхөн бизнесийнхээ ашиг орлогыг биш өөрийнхөө орлогын эх үүсвэрүүдийг ч тодорхой судалж гаргаж тавьснаар зээлээ эргэн төлөх чадвартай гэдгээ харуулж чадна” гэж Г.Галаарийдий хэлж байна.
  • Зээлийн судалгааг хийсний дараа банкны хурлаар танилцуулж зээл олгох эсэх анхан шатны шийдвэрийг гаргана.
  • Банкнаас зээл олгох шийдвэр гарсны дараа харилцагч таны зээлийн хүсэлтийг Жайка төслийн нэгжид дахин танилцуулах ба Жайка төслийн нэгжээс зээлдэгчийн үйл ажиллагаатай танилцдаг юм байна.
  • Зээл хүсэгчийн үйл ажиллагаатай танилцсны дараа банкны зээлийн шийдвэр болон газар дээрх хяналтыг Төслийн удирдах хороонд танилцуулах ба Сангийн яамнаас таны зээлийг олгох эцсийн шийдвэрийг гаргана.
  • Банк зээлдэгчтэй зээлийн гэрээг байгуулснаар харилцагчид төслийн зээлийг олгодог юм байна.

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээлд хамрагдах үе шат

Харин та жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээлийг сонирхож байгаа бол анхаарлаа хандуулаарай. Үйлдвэрлэлээ өргөжүүлэн хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээг хангаж чадах бизнес гэдгээ банкинд мөн батлахын тулд төлөвлөгөө хэрэгтэйг ч мартаж болохгүй. Иймд та дараахь зүйлсийг бүрдүүлсэн байх ёстой:

  • Бизнесээ хэрхэн өргөжүүлэх тухай төслөө бичсэн байх ёстой ба хүсч буй санхүүжилтийн хэрэгцээгээ тодорхойлсон байна. Жишээ нь, та Монголдоо нарийн ногоо ургуулж, импортын барааг орлох төвшний бизнес эрхлэх гэж байгаа бол энэ бизнесийнхээ ач тус, ашиг орлогыг нарийн тодорхойлох хэрэгтэй. Импортын бараатай өрсөлдөх чадвар, хэрэглэгчдийн хүлээлтийг бас сайтар тусгаарай. Та бас энэ бизнесийг дор хаяж 1 жил эрхэлсэн байвал зээл олдох боломж илүү өндөрсдөг талаар Г.Галаарийдий ярьсан шүү. Ингэвэл таны бизнес нийгэмдээ ач тустай, эргээд зээлээ ядах юмгүй төлж чадна гэдгийг нотлон харуулах учиртай.
  • Төсөл бэлэн болсны дараа Аж үйлдвэрийн яамны харьяа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд санхүүжилтийн хүсэлтээ төслийн хамт хүргүүлнэ. Ингэхдээ тооцоогоо жишээ баримттай, нарийн тооцсон байх ёстой. Ямар ч хүн хараад шууд ойлгохоор бэлдэхийг хичээгээрэй. Дараа нь та тооцооноосоо болж ямар нэгэн алдагдал, эрсдэл хүлээхгүйгээр бүх зүйлийг нэг дор хийж өгсөн байх ёстой юм шүү.
  • Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас төслийг судлан үзэж дэмжих шийдвэрийг гаргаснаар харилцагч танд албан бичиг гаргаж өгнө.
  • Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дэмжсэн албан бичгийг "Голомт" банкинд хүргүүлж зээлийн хүсэлтээ гаргана. Ингэснээр банк танд шаардлагатай хөрөнгийг гарган өгч, таны бизнес хөгжлийн хүрдээ эргүүлэхэд тун ойртлоо гэсэн үг.
  • Банк таны хүсэлтийг, албан бичгийн хамт хүлээн авч зээлийн судалгааг хийж эхлэнэ. Зээлийн судалгааг хийсний дараа банкны хурлаар танилцуулж зээл олгох эцсийн шийдвэрийг гаргана. Үүний дараа таны бизнесийн талаарх илүү бодит байдал бий болох болно.
  • Банкнаас зээл олгох шийдвэр гарсны дараа зээлдэгчтэй зээлийн гэрээг байгуулснаар харилцагч танд төслийн зээлийг олгох нь. Ингээд л хүсэн хүлээсэн зээл тань бүтэж, таны бизнес ч хөгжлийн өөд хурдална. Та бизнесээ цэцэглүүлэхийн хамт зээлээ цагт нь төлж заншвал өмнөхөөсөө ч илүү өндөр хэмжээний зээлийг хямд өртгөөр авах боломж нээгдэнэ.

Төслийн зээл хүсч буй хэн бүхэн тодорхой тооцооллоо хийхийн хамт хамгийн гол нь зээлийнхээ хэрэгцээ, шаардлагыг бодитоор гаргаж чадвал зээл бүтэхэд амархан байдгийг дахин сануулах нь илүүц биз. Эрхэм бизнесмэн танд амжилт хүсье.

Topics: Зээл

EduGolomt

Нийтэлсэн EduGolomt

Монгол улсын тэргүүлэх банк


New Call-to-action


New Call-to-action


New Call-to-action