Нүүр хуудас  /  Бизнесийн нүдээр Дотоод орчин ямар байна вэ?

Банкнуудын сунгаа - 2

Нийтэлсэн
finedu
Он сар өдөр
2021-04-13 10:06:33
Ангилал
Бизнесийн нүдээр

4 жил тутам болдог парламентын сонгуулиас бид бүхэн мөрийн хөтөлбөрийн сайн сайхан уриа үгийг бишгүй дээ л нэг сонссон. Сүүл, толгой холбосон хэдэн мөр үгсийг та бидний чихэнд хоногштол хэлцгээдэг. Заримаас нь дурдвал, “Монгол ялна”, “Өрх бүрт өсөлтийг”, “Илүү эрчээр Илүү хөгжил рүү” гэх мэтээр цуварч өгнө.

Удахгүй банкнуудын хувьд ч гэсэн хөрөнгийн зах зээлээс хөрөнгө татахтай холбоотой зах зээлд өөрсдийгөө улам бүр таниулах ажлууд хийгдэж эхэлнэ. Улмаар банкнуудын уриа үг, эрхэм зорилго, алсын харааг та бүхэн олонтаа сонсох биз ээ.

Энэ удаагийн топ 5 банк танилцуулах цуврал ч гэсэн тус сэдэвтэй уялдах болно. Амьдралд ашид хамтдаа, Сайн сайхныг санхүүжүүлнэ, Танд ойрхон түмэнд итгэлтэй гэх мэтээр банкнуудын уриа үгийг л илүүтэй сонсож байсан болохоос биш алсын хараа, эрхэм зорилгыг нь төдийлөн сонсоогүй биз ээ. Эзэн Богд Чингис хаан хүртэл “Холын зорилго үгүй хүнд ойрын зовлон мундахгүй” гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл алсын хараа, эрхэм зорилго, түүндээ зориулсан стратегиа боловсруулж чадаагүй компани бол өдөр тутмын гал унтраах арга хэмжээтэйгээ зууралдсаар хөгжих, томрох, дэвших боломжуудаа алдсаар байдаг.

Банкны алсын хараа (вижн), эрхэм зорилго (мижн), стратеги ямар утга агуулж байгаа нь маш чухал. Өөрөөр хэлбэл, тухайн банк нь хаана хүрэх гэж буй (вижн), хүрэхийн тулд баримтлах философи (мижн), харин боловсруулсан стратегиас хамаарч, санхүүгийн зах дээр шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гарна (Менежментийн Психологи, 2020).

АЛСЫН ХАРАА (ВИЖН)

Менежментийн Психологи номд, энэ ойлголтыг энгийнээр тухайн компанийн ирээдүйд авсан гэрэл зураг гэж тайлбарлажээ. Тэр нь зураг нь өнгөт үү? Хар, цагаан уу? Эсвэл өнөр өтгөн үү? (харилцагч ихтэй) гэх мэтээр төсөөлж өгөх нь байна л даа. Тэгвэл топ 5 банкны ВИЖН-тэй танилцъя.

Хас, Голомт, Төрийн банкнуудын вижн-д нийтлэг зүйлс ажиглагдана. Ер нь бол өөрсдийгөө ирээдүйд дэлхийн жишигт нийцсэн санхүүгийн үйлчилгээг үзүүлэх Монголын банк болно гэж харжээ. Харин Худалдаа Хөгжлийн банк нь арай ялгаатайгаар тодорхойлсон буюу Монголын дэвшил бүхнийг манлайлагч банк байна гэж тодорхойлсон байна.

Сүүлийн 10 жилд л гэхэд Хас банк өөрийн алсын хараа, эрхэм зорилго, дүр төрхөө өөрчлөв. Голомт банк харилцагч төвтэй банк болохоо зарлаж, мөн л алсын хараа, эрхэм зорилгоо шинээр тодорхойлов. Энэ жил Худалдаа Хөгжлийн банк харилцагч төвтэй банк байхаа зарлаж байна. Энэ бүхний үрээр санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болсон. Банкнуудын хуримтлалын аян, хөтөлбөр шинэ дүр төрхтэйгөөр гарч ирсэн (системийн хадгаламж 13 их наяд төгрөг), кредит картыг зөвхөн өндөр орлоготой хүмүүс бус хүн бүр хэрэглэх боломжтой болсон. 

ЭРХЭМ ЗОРИЛГО (МИШН)

Тус ойлголтыг вижн-дээ хүрэхийн тулд компаниуд ямар философи баримталж буйг илэрхийлнэ гэж тодорхойлжээ. 20, 40, 60 жилийн дараах амжилтыг тодорхойлох ВИЖН-ээ бодит болгохын тулд хийж буй алхам гэсэн үг.

Одоо банкнуудын эрхэм зорилготой танилцъя.

Тухайлбал, Хаан, Худалдаа Хөгжлийн банкны хувьд, харилцагчид үнэ цэн өгөх үйлчилгээг өгөх байдлаар вижн-дээ хүрэх эрхэм зорилго тавьсан байна. Харин Хас болон Төрийн банкны хувьд, харилцагчаас гадна байгаль орчинд ээлтэй гэх санааг шингээжээ. Харин Голомт банк нь хөгжлийн Голомт гэсэн 2 үгээр эрхэм зорилгоо тодорхойлсон байна. Жишээ нь, Хас банк эрхэм зорилгодоо тусган бичсэн эх дэлхий, эрүүл ашиг хэмээх үгтэй нийцэх ногоон зээлийг ихээр дэмжиж байгаа билээ.

Дүгнэлт

Компани хэмээх бүтээмжийн энэхүү хөдөлгүүрт алсын хараа, эрхэм зорилго, стратеги, төлөвлөгөө байхгүйгээр явна гэдэг бүтэшгүй. Энэ бүхний үрээр санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтэрч, харилцагчдад хүрдэг. Тиймээс та бүхэн маань банкны IPO-той холбоотой тухайн банкныхаа алсын хараа, эрхэм зорилго, түүндээ хүрэхийн тулд барих стратеги зэргийг ойлгож авах нь чухал юм.