Нүүр хуудас / Миний нүдээр / Өрхийн санхүү
"Хүүхэддээ багаас нь санхүүгийн боловсролыг олгоё"
Би хоёр хүүхдийн ээж. Том хүү минь одоо л дөнгөж дөрвөн нас хүрэх гэж байна. Дэлгүүр орох их дуртай. Ялангуяа, зайрмагны хажуугаар зүгээр өнгөрнө гэж үгүй. Хүүдээ амттай, дуртайг нь авч өгөхийн тулд ээж, аав нь өдөр бүр ажилладаг юм шүү дээ гэж энгийнээр ойлгуулах гэж хэрэндээ л хичээдэг. Хүүхдүүд минь том болоод өөрийн гэсэн хуримтлалтай, түүгээрээ зорьсноо биелүүлж амьдраасай гэж мөрөөддөг юм. Ингэхийн тулд хүүхдүүдээ багаас нь санхүүгийн боловсролд сургах ёстой юм билээ. Хүүхдийн төлөвшлийн 70 хувь нь 0-3 насанд тогтдог аж. Тиймээс хүүхдийг гурван настайгаас нь эхлэн мөнгөө удирдах ухаанд бага багаар сургах нь эцэг, эхчүүд бидний хариуцлага гэж ойлгодог.
Юуны түрүүнд хүүхэдтэйгээ чин сэтгэлээсээ ярилцахаас энэ бүхэн эхэлнэ гэж бодох боллоо. Дээхэн хүүтэйгээ ярилцаж суутал удирдлагатай тоглоомон машин авахыг хүсдэг юм байна. Тэр машинаа яаж авах вэ гэж асуутал манай хүн "Та надад мөнгө өгөөд, би дэлгүүрээс авна" гэж хариулав. Харин би "Ээж нь чамд өдөр бүр жаахан жаахан мөнгө өгье. Миний хүү цуглуулж байгаад машинаа аваарай. Мөнгө гэдэг хязгааргүй зүйл биш болохоор ээж нь бага багаар л олдог юм" гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш би хүүдээ өдөрт 100 төгрөг өгдөг болов. Жимсний чанамлын хуванцар саванд мөнгөө хадгалдгийг нь мэдэх учир уржигдархан онгойлгож үзтэл багсайсан олон зуутын дэвсгэр нийлээд 5000 төгрөгт хүрсэн байв. Энэ үед хүүгээ өхөөрдөж хайрлахын зэрэгцээ бяцхан зүрхэндээ бие даасан хариуцлагатай хүн болох эхлэлээ тавьж байгаад нь бахархаж суулаа. Нэг л өдөр бид хоёрын мөрөөдөл биелж хүү минь цуглуулсан мөнгөөрөө удирдлагатай машин авна даа...
Ер нь судлаад байхад хүүхдийг 3-5 насанд нь мөнгө хадгалах анхан шатны мэдэгдэхүүнд суралцуулах хэрэгтэй юм байна. Ядаж л мөнгөө тэвчээртэйгээр хадгалснаар мөрөөдлийн дугуйгаа, машинаа авч болдог юм байна гэсэн ухаанд суралцах нь ирээдүйнх нь амжилтын үндэс байж мэдэх л юм.
Харин хүүхэд 6-10 настай бол мөнгөтэй холбоотой шийдвэр гаргахад нь туслах хэрэгтэй юм билээ. “Энэ хоёр алим хоёулаа улаан, гоё байгаа биз. Гэхдээ энэ хэсгийн алим нь нөгөөхөөсөө 500 төгрөгөөр хямд байна”, “Ариун цэврийн цаасыг боодлоор нь авах нь ширхгээр авснаас хямд байдаг юм шүү” гэх мэтээр сонголт хийлгэх нь их чухал юм байна. Мөн хүүхдэд 5000 төгрөг өгөөд ямар жимс худалдаж авахыг өөрөөр нь сонгуулахад сонирхолтой үр дүн гарах нь мэдээж. Ганцхан уут үзэм, нэг кг алим, эсвэл жаахан гүзээлзгэнэ гээд олон жимс холиод авах ч юм билүү. Энэ мэтээр хүүхдэд санхүүгийн шийдвэр гаргаж, түүнээсээ суралцах боломжийг нь олгох хэрэгтэй юм байна. Ингэснээр хүүхэд санхүүгийн хувьд бие даасан, зөв сонголт хийх буурьтай хүн болон төлөвших нь.
Миний бодлоор хүүхдэд санхүүгийн ухааны жинхэнэ амин сүнс болсон ойлголтыг 11-13 насанд нь суулгаж өгөх ёстой юм шиг санагдсан. Яагаад гэвэл энэ үед хүүхдүүд мөнгөө үр ашиггүй зарцуулах гээд байдаг талтайг судлаачид тогтоожээ. Жишээ нь, “Чи 14 настайгаасаа эхлэн жил бүр 100,000 төгрөг хадгалж эхэлвэл 30 настайдаа 1,600,000 төгрөгтэй болно” гэх мэтээр хүүхэддээ тайлбарлаж өгөх нь үр дүнтэй. Бас банкнуудын вэб сайтанд байдаг “Хадгаламжийн тооцоолуур” ашиглан мөнгө нь хэрхэн өсөхийг бодитоор тооцон харуулж, хадгаламжийн ХҮҮНИЙ тухай зааж сургаарай. Ингэвэл хүүхэд багаасаа мөнгө, түүнийг өсгөх ухаанд суралцаж, ирээдүйн саятан болох эхлэлээ тавих юм шүү.
Ялангуяа, энэ насанд нь их сургуулийн төлбөрийг нь аав ээж нь сар бүр цуглуулж хадгалж байгаа шүү гэдгээ хүүхдэдээ сайн ойлгуулах учиртай юм байна. Ингэж чадвал тэдний минь бяцхан ухаанд дэмий зүйл худалдан авахын оронд ирээдүйнхээ төлөө мөнгөө хадгалах нь илүү дээр гэдэг ойлголт бат бөх суух нь ээ.
Бас онц сурч сургалтын төлбөрөөс чөлөөлөгддөг, Засгийн газраас үзүүлдэг тэтгэлэг, хөнгөлөлтүүдийн талаар хүүхэдтэйгээ хамт судалбал тэд их сургуульд сурахад өөрийнхөө мөнгийг хэрхэн хэмнэж болох талаар ойлголттой болдог юм байна.
Харин хүүхэд тань нэгэнт оюутан болсон бол хийж болох цагийн ажлыг хамтдаа судлаарай. Сүүлийн жилүүдэд оюутан байхдаа ажил хийж туршлага хуримтлуулсан бол давуу тал нь болдог болсон. Гадаадын жуулчдад монгол хэл заах, хөтөч хийх, судалгааны ажил хийх, орчуулга хийх зэрэг олон ажил оюутнуудад нээлттэй байдаг. Эдгээрийг хийснээр хүүхэд тань мөнгөний үнэ цэнийг эртнээс мэдэрч, мөнгөө зөв удирдаж чаддаг болно.
Хүүхдүүд маань заавал тэрбумтан, хур баян болох албагүй. Хамгийн гол нь байгаа мөнгөө үр ашигтайгаар зөв зарцуулчихдаг, бас мөнгийг олох зөв арга ухаанд суралцвал болох нь тэр шүү дээ.