Нүүр хуудас  /  Онолын нүдээр

Мөнгө угаах гэж юу вэ?

Нийтэлсэн
Он сар өдөр
2021-06-23 08:52:40
Ангилал
Онолын нүдээр

Монгол Улсын хууль томьёолсноор “Мөнгө угаах гэдэг нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг хэлнэ.” гэсэн байдаг.

Энгийнээр тайлбарлавал хууль бусаар олсон орлогоо нуун дарагдуулж, хувирган бохир мөнгийг цэвэр мөнгө буюу хууль ёсны болгон хувиргах үйл явц юм. Хууль бус үйлдлээс олсон орлого гэдэгт татвараас зайлсхийж олсон орлого, зэвсгийн наймаа, хар тамхины худалдаа авилга, хээл хахуул, цахим гэмт хэргийн барьцаанаас олсон орлого гэх мэт хууль бус бүх үйл ажиллагааг хамруулж ойлгоно.

Энэхүү ойлголт анх 20-р зууны эхэн үед АНУ-д архи, хар тамхи худалдан борлуулах, танхай зэрэг хууль бус үйлдлээс олсон орлогыг нэгэн мафийн толгойлогч Аль Копено гэх этгээд хувцас угаалгын бизнесээс олсон орлогоо хэмээн тайлагнасан явдал байв. Үүнийг тухайн үеийн сонины сэтгүүлчид илрүүлэн нийлэхдээ “Мөнгө угаах” гэсэн нэр томьёоллыг гаргажээ.

Мөнгө угаах гэмт хэрэг нь тухайн улс оронд хээл хахуул нэмэгдэх, шударга өрсөлдөөнийг  сааруулах цаашлаад бизнес эрхлэгчдийг зах зээлд оршиход хүнд нөхцөлийг шууд бусаар бий болгодог.

Одоогийн нөхцөлд түгээмэл тохиолдож буй мөнгө угаах гэмт хэргийн аргуудаас дурдвал:

  1. Үл хөдлөх хөрөнгөнд шилжүүлэх /Хуулийн зохицуулалтын цоорхойг ашиглах замаар/
  2. Гадаадын банкнуудаар дамжуулан гаргах /Олон утгын дагуу өөр улсуудаар дамжуулан гаргах/
  3. Криптовалютад хөрвүүлэх
  4. Хар зах дээр арилжаа хийх /Зохицуулалтгүй иргэд хоорондын гар дамжин хийгдэж буй арилжаа/ гэх мэт маш олон байдлаар үйлддэг байна.

Мөнгө угаах гэмт хэргийн үйл явцыг хэд хэдэн үе шатанд ангилан үздэг. Үүнд:

  1. Байршуулах үе шат: Олон хүний дансанд хуваах, үл хөдлөх гэх мэт байдлаар анхаарал үл татах байдлаар тархаан байршуулдаг.
  2. Далдлах үе шат: Зохицуулалт багатай улс орон луу шилжүүлэх, хууль ёсны болгон харагдуулах зорилгоор эргэлтэд оруулж эхэлдэг. Гадаад худалдаа эрхлэх, үнэт цаас болгон шилжүүлэх гэх мэтээр.
  3. Төвлөрүүлэх үе шат: Хууль бус гэсэн үүслийг илрүүлэх боломжгүй болсны дараагаар хөрөнгөө өөртөө төвлөрүүлж татах үйл явцыг хэлнэ.