Нүүр хуудас / Онолын нүдээр
Гадаад гүйлгээний SWIFT сүлжээ гэж юу вэ?
Арилжааны банкнууд олон улсын SWIFT сүлжээнд нэгдсэнээр тус сүлжээний корреспондент харилцаатай, харилцагч банкнуудаар дамжуулан таны гадаад шилжүүлгийг гүйцэтгэдэг. SWIFT гэдэг нь Society for Worldwide Interbank Financial Telecommunication гэсэн үгний товчлол бөгөөд дэлхийн банк, санхүүгийн байгууллагууд хоорондоо нэг стандартын дагуу мэдээллээ солилцох боломжийг олгодог, төлбөр тооцооны мессеж дамжуулдаг, гадаад гүйлгээний тэргүүлэгч систем юм.
SWIFT сүлжээ нь 1973 онд 15 улс орны, 239 гишүүнтэйгээр Бельги улсад байгуулагдаж байжээ. Харин 2021 оны байдлаар тус сүлжээнд 200 улс орны, 11,000 гаруй банк, санхүүгийн байгууллага нэгдсэн ба өдөрт дунджаар 4 сая гаруй мессежийг солилцдог байна. Мөн 2021 оны байдлаар Монголын банкны системийн хэмжээнд нийт 12.5 тэрбум ам.долларын дүнтэй, 273,569 гадаад шилжүүлгийг тус сүлжээгээр хийсэн тооцоо гарчээ.
SWIFT сүлжээгээр гүйлгээ хийхэд SWIFT код заавал шаардлагатай. Энэ нь SWIFT сүлжээний гишүүн банк, санхүүгийн байгууллагуудад олгодог, дахин давтагдашгүй бүтэц бүхий 8-11 оронтой, үсэг, тооноос бүрдсэн тусгай код юм. SWIFT кодууд дараах бүтэцтэй байна.
SWIFT код: GLMTMNUBXXX
- GLMT: Тухайн банкны нэрийн товчилсон хэлбэр
- MN: Банкны байршиж буй улс
- UB: Тухайн банкны төв оффис байршиж буй хот
- XXX: Салбарын тэмдэглэгээ
SWIFT гүйлгээний процесс: SWIFT сүлжээг ашиглан гүйлгээ илгээх нь онгоцоор аялахтай ижил юм. Хэрэв таны аялах орон руу шууд нислэг байхгүй бол та хэд хэдэн нислэг дамжиж, зорьсон газраа очих шаардлагатай болдог. Үүнтэй адил нэг гүйлгээ нь хүлээн авагч банкандаа очихын тулд дунджаар 1-3 банкаар дамждаг тул ажлын 1-5 хоногт гүйлгээ хийгддэг байна.
Жишээ: Харилцагч А Голомт банкны данснаасаа Солонгос улс дахь өөрийн найз Б-ийн SBank-ны дансанд 5,000.00 ам.долларын шилжүүлэг хийжээ.
Case 1. Хэрэв Голомт банк нь SBank-нд ам.долларын төлбөр тооцоо гүйцэтгэх данстай, корреспондент харилцаатай банкнууд бол тус гүйлгээ дараах байдлаар шилжинэ. Ийм тохиолдолд гүйлгээ нь хурдан бөгөөд шимтгэл багатай шилжих боломжтой юм.
Case 2. Хэрэв Голомт банк нь SBank-нд ам.долларын дансгүй, корреспондент харилцаагүй бол эхлээд тухайн гүйлгээг өөрийн ам.долларын харилцагч банк руу дамжуулна. Үүнийг дамжуулагч банк нь SBank руу шууд эсвэл тус банкны дамжуулагч банк руу шилжүүлж гүйлгээг хийнэ. Уг тохиолдолд гүйлгээ хийгдэх хугацаа нэмэгдэж, дээрээс нь дамжуулж буй харилцагч банкнууд шимтгэл авах тул шимтгэлийн хэмжээ нэмэгддэг байна.
Case 2-оор шилжүүлэг хийх тохиолдолд харилцагч SWIFT гүйлгээний шимтгэлээ сонгох боломжтой.
BEN: Шилжүүлэгч нь зөвхөн Голомт банкны үндсэн шимтгэлийг хариуцах бөгөөд бусад дамжуулагч банкнуудын шимтгэл нь гүйлгээний дүнгээс суутгагдана.
OUR: Шилжүүлэгч нь Голомт банкны үндсэн шимтгэл болон эхний дамжуулагч банкны шимтгэлийг хариуцна. Бусад дамжуулагч банкнууд гүйлгээнд оролцох шаардлагатай бол тухайн банкнуудын шимтгэл гүйлгээний дүнгээс суутгагдана.
G-OUR: Зөвхөн USD валютаар хийгдэх гүйлгээнд хамаарна. Шилжүүлэгч нь тус гүйлгээг дамжуулах бүх банкны шимтгэлийг хариуцаж, хүлээн авагч нь гүйлгээг бүтэн дүнгээр хүлээн авна.
Харин Голомт банк олон улсын SWIFT сүлжээнд 20 гаруй жилийн өмнө нэгдсэн ба олон улсад нэр хүнд бүхий 27 харилцагч банкаараа дамжуулан нийт 14 төрлийн валютаар гадаад гүйлгээний үйлчилгээг хурдан шуурхай, найдвартай үзүүлж байна. Та Голомт банкны дараах сувгуудаас сонгон гадаад шилжүүлэг хийх боломжтой.
- Голомт банкны Интернет банк
- Голомт банкны Смарт банк
- Голомт банкны бүх салбар, тооцооны төвүүд
Мөн гадаад шилжүүлгийн талаарх лавлагаа, мэдээллээ Голомт банкны дурын салбар, тооцооны төв, лавлах руу холбогдон SWIFT GPI системээс шалгуулж болох аж. Та SWIFT GPI системээс гадаад шилжүүлгийн доорх мэдээллүүдийг авч болно.
- Гүйлгээний төлөв
- Гүйлгээний анх хийгдсэн дүн
- Хүлээн авагчийн дансанд хийгдсэн гүйлгээний дүн
- Шимтгэлийн нөхцөл
- SWIFT сүлжээгээр гүйлгээ дамжуулсан хугацаа
- Дамжуулагч банкнуудын мэдээлэл
- Дамжуулагч банкнуудын шимтгэл