Нүүр хуудас  /  Онолын нүдээр

Терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа гэж юу вэ?

Нийтэлсэн
Он сар өдөр
2021-07-07 07:11:16
Ангилал
Онолын нүдээр

Террорист үйл ажиллагааг хэрэгжүүлэгч хувь хүн, байгууллага эсвэл тухайн үйл ажиллагаанд зарцуулагдах мэдсээр байж шууд болон шууд бус байдлаар эд хөрөнгө хуримтлуулсан, шилжүүлсэн, зарцуулсныг “Терроризмыг санхүүжүүлэх” хэмээн Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд тусгасан байдаг.

Юуны өмнө терроризм гэж юу гэсэн үг вэ? гэдгийг авч үзвэл “terrere” буюу “айлгах” гэсэн утга бүхий үгнээс гаралтай аж. 1983 оны иргэний дайны үеэр АНУ болон Франц улсын энхийг сахиулагчдын байрыг дэлбэлсэн үйлдэл болсон бөгөөд энэхүү үйл явдлаас маш олон хүний амь нас эрсдсэнээс үүдэн тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейган  террористууд хэмээн зарласнаас олон улсад түгээмэл ашиглагдах болжээ. Терроризм гэдгийг нийтлэг утгаар нь ойлговол улс төр, шашин, үзэл суртлын нэг ижил зорилго бүхий хүмүүс нэгдэж хүсэл зорилгодоо хүрэхийн тулд нийтийг айдаст автуулах замаар гэмт хэргийн үйл ажиллагаа явуулахыг хэлдэг.

Олон улсад үйлдэгдэж буй террорист халдлагууд ихэвчлэн дараах эх үүсвэрүүдээс санхүүжүүлэгдсэн байдаг. Үүнд: 

  1. Хууль бус орлого /зэвсгийн наймаа/
  2. Их хэмжээний хулгайн мөнгө
  3. Цагаачлал, хүний наймаа
  4. Олон төрлийн хууль бус барьцаагаар олсон хөрөнгө /Хүн, мэдээлэл, кибер аюулгүй байдал г.м/
  5. Хууль ёсны болон хууль бус орлогын бусад үүсвэрүүд хамаарч болно. /хувь хүн, байгууллага, хүмүүнлэгийн байгууллага г.м/

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх хоёр нь өөр өөр төрлийн гэмт хэрэг хэдий ч терроризмыг санхүүжүүлсэн байдал нь ихэнх тохиолдолд мөнгө угаах үйл ажиллагаанаас үүдэлтэй байдаг тул эдгээрийг нийтлэг байдлаар нэгтгэн зохицуулалтад оруулсан байдаг. Мөн зарим тохиолдолд терроризмыг хууль ёсны орлогоор санхүүжүүлсэн байх магадлалтай гэж үздэг байна.