Нүүр хуудас  /  Миний нүдээр Зөвлөгөө мэдээлэл

Хар хун: Бага магадлалт үзэгдлийн нөлөө

Нийтэлсэн
Он сар өдөр
2021-08-31 09:03:22
Ангилал
Миний нүдээр

Санхүү, эдийн засгийн алдартай номын хураангуйг хүргэдэг энэхүү цувралын дугаараар бид Нассим Николас Талебийн бүтээл “Хар хун: Бага магадлалт үзэгдлийн нөлөө” номыг хүргэж байна.

Хар хун ном бол Нассим Николас Талебийн 5 номт цувралын 2 дахь ном нь юм. Энэхүү номдоо тэрээр Хар хун буюу түүхийг эргүүлэм, нийгмийг өөрчлөх томоохон нөлөө бүхий тохиолдох магадлал нь маш бага байдаг үзэгдлүүдийг тайлбарладаг. Тус номын хураангуй дээр бид номд дурдагдсан гол санаануудыг танилцуулах болно. Тухайлбал бидний эргэн тойронд санамсаргүй үзэгдлүүд үргэлж байдаг, бид яагаад түүнийг хүлээн зөвшөөрч чаддаггүйг, мөн бид хэрхэн энэхүү харалган байдлаа өөрчилж болох талаар ярилцах болно.

Хар хун үзэгдэл нь юу болох, яагаад чухал талаар...

Олон мянган жилийн турш бүхий л хун шувууг цагаан гэж хүмүүс итгэдэг байв. Харин 1697 онд Нидерландын судлаач Виллем де Фламинг Австралид хар хунг олсноор хормын төдийд л энэхүү “туйлын үнэн”-г хэрэгсэхгүй болгожээ. Үүнээс хойш боломжгүй мэт санагдах үзэгдлүүдийг Хар хун хэмээн нэрлэх болсон ажээ.

Хар хунгийн 3 гол характерийг Талеб ийнхүү дүрсэлжээ.

  • Ховор байдал: Хар хун үзэгдлийг түүхэн давтамжаар нь үнэлэх боломжгүй
  • Нийгэм, ертөнцөд маш том нөлөө үзүүлдэг
  • Тухайн үзэгдлийг болсных нь дараа ойлгомжтой, гарцаагүй үзэгдэл байсан талаар хүн төрөлхтөн дурсдаг

Хар хун бол дээр дурдсанаар маш том үр дагавартай бөгөөд бидний амьдарч буй дэлхийг өөрчлөхүйц том нөлөөтэй байдаг ажээ. Бидний нийгмийг өөрчилсөн түүхэн үйл явдлууд ихэнхдээ хар хун үзэгдэл байдаг. Тухайлбал Дэлхийн 2-р дайн, Берлиний хана нурсан үйл явдал, 2001 оны 9-р сарын 11-нд болсон террорист халдлага, Интернэтийн хөгжил, 1987 оны хувьцааны зах зээлийн уналт, 2008 оны санхүүгийн хямрал, 2019 оны Коронавирус цар тахал зэрэг орно. Энэ бүх үйл явдлуудыг ажвал хэн ч урьдчилан таамаглах боломжгүй үйл явдлууд байсан ба үр дагаврыг нь ч мөн адил харах боломж байгаагүй шүү дээ.

Таны амьдралд тохиолдсон томоохон үйл явдлууд ч (тухайлбал таны эхнэр/нөхөртэйгөө танилцсан мөч, хамгийн том алдагдал, амжилтууд) мөн таамаглах аргагүй бөгөөд таны өдөр тутмын төлөвлөгөөнүүд дээр дөрөөлж эдгээр үйл явдлууд тохиогоогүй.

Талеб номдоо 2 төрлийн тодорхой бус байдал байдаг талаар дурддаг.

Экстремистан (үргэлж экстрем үйл явдал тохиодог төсөөллийн улс) болон Медиокристан (үргэлж энгийн үйл явдал тохиодог төсөөллийн улс)

  • Медиокристан улсад санамсаргүй үйл явдлууд дундаж үйл явдлаасаа хол хазайдаггүй. Тэгш бус байдал байдаг ч энэ нь тийм ч анхаарал татахуйц бус эсвэл хяналтад байдаг. Ихэвчлэн тэдгээрийг хэмжихэд ижил түвшнийх байдаг нь биет хязгаарлалтуудаас шалтгаалдаг (тухайлбал өндөр, жин, гүйлтийн хурд гэх мэт). Хэрвээ дэлхий дээрх хамгийн өндөр хүний хэмжээсийг 1000 хүний өндрийн хэмжээс дунд оруулбал дундаж утгад нөлөөлөх нь бага шүү дээ. Мөн хувьсагчдын хоорондын хамаарал голчлон шугаман утгатай байдаг. Ийм үед ирээдүйн утгыг таамаглахад хялбар байдаг байх нь.
  • Экстремистан улсад маш их санамсаргүй явдал, огцом хазайлтууд байдаг. Үүнд дээд доод хязгаар гэж үгүй бөгөөд биет хязгаарлалтууд байдаггүй (тухайлбал мэдлэг, санхүүгийн зах зээл, цахим номын борлуулалт, сошиал мэдээллийн хэрэгслийн Like-ын тоо). Тиймээс, гажуудсан утгууд маш ихээр байдаг гэсэн үг байх нь. Хэрвээ Жефф Безос эсвэл Билл Гейтсийн хөрөнгийг 1000 хүний хөрөнгө дээр нэмбэл дундаж утга нь огцом хазайна шүү дээ, энэ нь Экстремистан улсын гол шинж чанар юм.

Чадлын цараа

Эдгээр 2 улсын гол ялгаа нь өргөн чадлын цараа юм. Тухайн үзэгдэл өргөн чадлын цараатай байна гэдэг нь тэрхүү үзэгдэл нь нэмэлт нөөцгүйгээр огцом өсдөг байхыг хэлнэ. Тухайлбал массажист нь өдөрт маш олон үйлчлүүлэгчдэд үйлчлэх шаардлагатай тул чадлын цараа багатай мэргэжил юм. Харин дижитал эриний дуучин бол дууг нэг удаа дуулж, бичиж, өргөнөөр түгээх боломжтой тул чадлын цараа өндөр мэргэжил юм. Чадлын цараа нь асар их тэгш бус байдал, туйлшрал, ялагч бүгдийг авна гэсэн нөхцөл байдлыг бий болгож байдаг. Шилдэг дуучид авьяасыг нь хэмжихэд харьцангуй их байдаггүй ч гэсэн дундаж дуучдаас хамаагүй их орлого олдог.

Хар хун нь зарим тохиолдолд маш хор хөнөөлтэй байдаг. Учир нь тэд голцуу Экстремистаны цараа ихтэй сценарьт үүсдэг. Тус гэнэтийн үйл явдал бүх зүйлийг хязгааргүй нөлөөллөөр эргүүлж чаддаг. Та 1 өдрийн дотор маш их жин хасаж чадахгүй (Mediocristan), гэхдээ бүх мөнгөө хоромхон зуур алдаж болно (Extremistan).

Хар хунг таньдаггүй харалган байдлаас ангижрах нь

Хар хун бол хамгийн боловсронгуй загварт ч тооцогдохгүй "үл мэдэгдэх үл мэдэгдэх зүйл" юм. Гэсэн хэдий ч бид хар хун огт байхгүй мэт хандлагатай байдаг. Бид юу болж байгааг яг таг мэддэг гэж өөрсдийгөө төөрөлдүүлж, бидэнд харагдаж мэдрэгддэг зүйлд л анхаарлаа төвлөрүүлдэг. Бодит байдал дээр бидний мэддэг зүйл бол бидний мэдэхгүй асар их зүйлийн өчүүхэн хэсэг юм.

Хүн төрөлхтний өрөөсгөл хандлага ба өнгөцхөн харах байдал

Нассим Талеб номдоо дурдахдаа хүний тархи хэрхэн хэт өөртөө итгэх үзэл, эндүүрэлд автамтгай байдгийг харуулдаг ба дараах ойлголтуудыг тайлбарладаг.

  • Баталгаажуулах хандлага мөн аливаа үзэгдлийг нотолгоо байхгүй гээд тухайн үзэгдлийг байхгүй хэмээн нотлох алдаа
  • Хүүрнэлийн алдаа: Бид аливаа үйл явдлуудын дарааллыг санахад хялбар болгох үүднээс ямар нэгэн түүх, зохиол хүүрнэдэг. Үүнд тухайн үйл явдлын учирсан цаад шалтгаан, логик уялдааг орхигдуулах хандлагатай байдаг
  • Бид хэрхэн шугаман бус байдалд харалган байдгийг, түүнчлэн үүнээс ундрах үр дагаврыг
  • Тэсэж үлдэгсдийг л авч үзэх алдаа (тухайлбал байлдааны онгоцонд хамгаалалт бүтээхдээ зөвхөн байлдааныг тэсэж үлдсэн онгоцнууд дээр дүн шинжилгээ хийж байлдаанд үрэгдсэн онгоцнууд дээр шинжлэхгүй байх) болон чимээгүй нотолгооны талаар (тухайлбал: тодорхой дунд сургуулийн сагсны ур чадварын түвшинг хэмжиж байгаа нөхцөл байдлыг авч үзье. Таны судалгаа бүх сайн дурынхныг нэг ангид хамруулж, тэдний ур чадварын түвшинг тодорхойлохын тулд хэд хэдэн шалгалтад хамруулдаг гэе. Энэ тохиолдолд чимээгүй нотолгоо нь зөвхөн таны шалгалтад сайн дураар оролцсон сурагчдыг л хэмжих чадвартай болохыг хэлнэ. Таны түүврээс гадна хичээл дээрээ үлдсэн сурагчдын маш их ач холбогдол бүхий чимээгүй нотолгоо байдаг)

Ирээдүйг таамаглахад гардаг хүндрэлүүд

Эцэст нь бидний ертөнц, ирээдүйг мэдэх боломжгүй, урьдчилан таамаглах аргагүй болгодог дараах тохиолдлуудыг мэддэг байх нь зүйтэй гэж тэрээр хэлжээ. Үүнд:

  • Шинэ бүтээл, тоглоомыг өөрчлөх нээлтэд аз, тохиолын үүрэг
  • Уялдаа холбоогүй эсвэл шугаман бус байдлаар явдаг динамик систем ба хувьсагчдын байгалиас таамаглашгүй шинж чанар
  • Бид алдаатай, дутуу мэдээллээр үнэн зөв таамаглаж чадахгүй

Урьдчилан таамаглах дуулиан ба эпистемик бардам зан

Дээрх 2 хүчин зүйлсийн нэгдэл нь хүмүүс аливааг таамаглахдаа маш муу боловч бид алдаа гаргаж байгаагаа мэдэлгүйгээр таамаглал дэвшүүлсээр байна гэсэн үг юм. Талеб үүнийг "урьдчилан таамаглах дуулиан" гэж нэрлэжээ.

Мөн тэрээр номдоо

  • Эпистемик бардам зан гэж юу вэ, түүний үр дагавар;
  • Бид яагаад мэргэжилтнүүдийн таамаглалаас (мөн өөрсдийнхөө таамаглалаас) болгоомжлох ёстой вэ;
  • Яагаад өнгөрснийг урьдчилан таамаглах нь ирээдүйгээс илүү хэцүү байдаг вэ; 
  • Хэрхэн сорогч байхаа больж, ертөнцийг үзэх үзлийн талаар илүү ухаалаг бодож эхлэх вэ? зэргийг дурдсан байдаг.

Тодорхой бус байдлын ертөнцөд хэрхэн тэсэж үлдэх вэ?

Хэрэв бид санамсаргүй байдлаар хүрээлэгдсэн бөгөөд тодорхой төлөвлөж чадахгүй бол бидний хийж чадах зүйл байдаг уу? Хар хун номд бид муу хар хунгуудын сөрөг талыг багасгахын зэрэгцээ сайн хар хунгуудын эерэг талыг хэрхэн нэмэгдүүлэх талаар мөн Экстремистан орчны өвөрмөц тэгш бус байдлыг хэрхэн ашиглах талаар, голчлон хөрөнгө оруулалтаа хэрхэн удирдаж болох талаар Талеб тайлбарлажээ. Тус аргуудаас онцолбол, Хөрөнгө оруулалтын багцаа бид 20 хувьд нь өндөр эрсдэлтэй санхүүгийн хэрэгсэл сонгох, 80 хувьд нь эрсдэл бага хэдий ч өгөөж харьцангуй бага хэрэгсэл сонгох боломжтой. Ингэснээр бүх хөрөнгөө хар хун үзэгдэлд алдахгүй ч, тодорхой эрсдэл үүрэн түүнийхээ өгөөжийг ч хүртэх магадлалтай гэв.

Нассим Николас Талеб энэ номдоо Хар хунгийн үзэгдэл, хүн төрөлхтний таамаглаж буй алдааг тайлбарлахын тулд олон тооны жишээ, судалгааг ашиглажээ. Энэхүү хураангуйд агуулагдсан гол санаануудаас гадна энэхүү номд Медиокристан ба Экстремистан орчны нарийвчилсан харьцуулалт, түүнчлэн хонхны муруй, хазайлт, тэгш бус байдал, санамсаргүй байдал, фрактив байдал гэх мэт ойлголтуудын талаар хэд хэдэн нэмэлт бүлгүүд багтжээ.