Нүүр хуудас / Миний нүдээр / Хувийн санхүү
Мөнгө дуудах арга
МӨНГӨ ДУУДАХ НЭГ АРГА БОЛ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛТОЙ БАЙХ ЮМ.
Дээрх жишээн дээр дурдсанчлан мөнгөтэй холбоотой сэтгэлзүйгээ ойлгоогүй хүнд ямар ч арга, зарчим ярих нь утгагүй харагдаж байна.
- Хамгийн энгийнээр бид орлого, хэрэглээ, зээл, хадгаламж, хүү гэх мэт санхүүгийн суурь ойлголтоо мэдэх хэрэгтэй. Зээлийг бид амьдралаа дээшлүүлэх гэж авдаг уу? эсвэл цалингаас цалин, зээлээс зээл хооронд амьдрах гэж үү? Төлөвлөсөн зүйлсээ авах нь үр ашигтай хэрэглээ юу? гэх мэт энгийн санхүүгийн боловсролтой болох хэрэгтэй.
- Харин дараа нь мөнгөтэй холбоотой гардаг зан төлөвөө ойлгодог болох хэрэгтэй. Би яагаад их үрээд байна вэ? Миний мөнгө яагаад тогтохгүй байна вэ? гэхийн оронд энэ бол хүн бүрд тулгардаг хүний зан төлөвтэй холбоотой асуудал гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Харин хүлээн зөвшөөрсний дараа тэр дутагдлуудыг давуу тал болгон ашиглах боломжтой. Үүнтэй холбоотой дараах жишээ дурдаж болох юм.
- Таны гэрт хамгийн ойр байрладаг дэлгүүрүүд хэрхэн ажилладаг вэ? Таны өдөр тутам авдаг талх, сүү, ногоо гэх мэт өргөн хэрэглээний бараан дээр үнээ бага нэмдэг. Харин 7 хоног, сар, улиралд дуусаад эргээд авдаг бараануудын үнэ дээр ихийг нэмдэг. Өдөр бүхэн нэг үнээр авдаг гэсэн таны сэтгэхүй өөр бараа авахад ч шууд нөлөөлдөг гэсэн үг. Тиймээс энэ сул талаа бид мэдсэн учраас 7 хоног, сар, улиралд авдаг бараануудаа аль болох захаас цуглуулах нь ашигтай харагдаж байна.
- “Маргааш бүх зүйлийг хийнэ” гэдэг бидний сэтгэхгүй. Монголын маргааш дуусдаггүй гэдэг ч энэ нь үнэндээ хүн бүрд байдаг асуудал юм. Үнэндээ хүмүүс өнөөдөр шоколад иддэг, архи тамхи хэрэглэдэг. Харин хүмүүс маргааш эсвэл хэдэн долоон хоногийн дараа ч юм уу эрүүл хооллож, тамхинаас гарахыг хүсдэг. Гэхдээ өнөөдөр лав биш. Яг үүнтэй ижил хүмүүст өнөөдөр мөнгөө хадгалах нь маш хэцүү байдаг. Харин эсрэгээрээ маргааш хадгалах нь тэдэнд илүү амар болдог гэсэн үг. Тиймээс хэрвээ та мөнгөө хадгалах гэж байгаа бол ирээдүйн орлогоосоо хадгалах нь илүү үр ашигтай юм. Хүмүүс тухайн сард буух цалингаасаа хадгаламж руугаа шууд татуулах замаар үр ашигтай хуримтлуулдаг байна.
МӨНГӨ ДУУДАХ НЭГ АРГА БОЛ САНХҮҮГИЙН ЗУРШИЛ ЮМ.
Бидний хийдэг зүйлс ихэнхдээ зуршил болсон байдаг. Мөнгө, санхүүтэй холбоотой асуудал дээр ч тэр. Бид санхүүгийн асуудалд ордог. Харин түүнээсээ янз бүрийн аргаар гардаг. Зарим нэг нь лам дээр очиж, зарим нь мөнгө зээлж, өөр нэг нь илүү цагаар ажиллах ч юм уу боломжоороо шийддэг. Бидэнд ажиглагддаггүй боловч асуудал үүсэхэд бидний гаргаж буй хариу үйлдэл бүр зуршил болсон байдаг. Хэрвээ та хүсвэл “The Power of Habit” хэмээх номыг уншаад үзээрэй.
- Мөнгө, санхүүгийн асуудал дээрх өөрийн гаргадаг зуршлаа ажиглах. Та цалин буусны дараа шууд их хэмжээний худалдан авалт хийдэг үү? сар бүр кофенд хэдэн төгрөг зарцуулж байна вэ? гэх мэт зуршил болсон асуудлуудаа олох хэрэгтэй.
- Хэрвээ санхүүгийн хувьд тогтсон муу зуршил байгаа бол түүнийгээ өөр зуршлаар солих хэрэгтэй.
Эцэст нь нийгэм хөгжихийн хэрээр хүмүүсийн хэрэгцээ, шаардлага улам л төвөгтэй болж ирж байна. Энэ үед хэрэглэгч бид юмсыг судалж, ойлгосны үндсэн дээр хэрэглэдэг байх шаардлага тулгарч байгаа юм. Бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид биднээс илүү биднийг мэдэж байгаа. Тэд бидэнд юуг, хэрхэн, яаж зарах тухай бүгдийг нь судалчихсан. Тиймээс иймэрхүү худалдан авалтын урхинд автахгүй байхын тулд хэрэглэгч бид дараагийн түвшиндээ гарах цаг нь ирсэн.