Нүүр хуудас / Миний нүдээр / Зөвлөгөө мэдээлэл
Тэтгэврийн хуримтлал нь дэлхийг тойрох алтан "Тийз"
Би нэгэн удаа Монголд аялахаар ирсэн нэгэн европ хосын хөтөч, орчуулагчаар ажилласан юм. 30 гаруй жил хамт амьдарсан тэр хоёр хөгшин баян чинээлэгтээ ийнхүү Төв Азийн өндөрлөгт ирсэн хэрэг биш, харин насаараа төлсөн тэтгэврийн хуримтлалаараа, амьдралын нар хэвийх үед дэлхийг тойрон аялахаар шийдсэн нь тэр байж...
Нийгмийн даатгалын сан сайн хөгжсөн орны иргэд өндөр тэтгэвэр авдаг ч тэд зөвхөн төрийн даатгалын системийг хараад суух биш хувийн тэтгэврийн санд идэвхтэйгээр хамрагдаж, хуримтлалаа өсгөдөг учир тэтгэвэрт гарсны дараа ийнхүү аялах боломжтой байдаг байна. Мөн тухайн хүн зөвхөн төрийн даатгалаас гадна өөртөө хуримтлал үүсгэж, түүнийгээ тэтгэвэрт гарахдаа авах, эсвэл үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээдэг гэнэ.
Хөгжингүй оронд түгээмэл дэлгэрсэн хувийн тэтгэврийн сан гэж юу вэ? Энэ талаар энгийнээр тайлбарлая. Ажил олгогч, ажилтан сайн дурын үндсэн дээр хувийн тэтгэврийн сантай гурвалсан гэрээ байгуулснаар тухайн хүн сар бүр өөрийн цалингаасаа тодорхой хэмжээний мөнгийг хуримтлуулах боломжтой болдог. Ингэснээр таны дансанд тодорхой хэмжээний мөнгө хуримтлагдах төдийгүй, та тэтгэвэрт гарах насандаа мөнгөө бүгдийг нь эсвэл сар бүр хэсэгчлэн авч болно.
Тэгвэл бид ч ялгаагүй ийм санд нэмэлтээр хуримтлал үүсгэж , хэзээ нэг өдөр гэр бүлтэйгээ дэлхийг тойрч, эсвэл үндэстэн дамнасан томоохон корпорацуудын хувьцааг худалдаж аваад, үр хойчдоо хөрөнгө оруулалт хийх боломжтой юу?
Манай улсын хувьд хэд хэдэн компани ийм сан үүсгэн байгуулж, Монголд хувийн тэтгэврийн сан хөгжих үндсийг тавьсан. Ингэснээр ажилтнууд сар бүрийн цалингаасаа 2-5 хувийг хуримтлуулж, түүн дээр ажил олгогчийн зүгээс яг үүнтэй адил хэмжээний мөнгийг хувийн тэтгэврийн санд олгодог байна. Үүнээс гадна ажилтанд жил бүр тодорхой хэмжээний өгөөжийг олгодог. Тодруулбал та сард цалингаасаа 50,000 төгрөг хуримтлуулбал ажил олгогчийн зүгээс адил 50,000 төгрөгийг таны хувийн тэтгэврийн санд нэмж олгоно гэсэн үг. Мөн та хуримтлуулсан мөнгөө өндөр ашигтай хувьцаа, бондод хөрөнгө оруулах, эсвэл банканд өндөр хүүтэй хадгалуулж мөнгөө давхар өсгөх болно. Хэрвээ та яг өнөөдрөөс эхлэн хувийн тэтгэврийн сандаа хуримтлал үүсгэхэд 10 жилийн дараа 19 сая орчим, 25 жилийн дараа 216 сая орчим төгрөгтэй болох юм. Ийнхүү тэтгэврээрээ хүссэн газартаа аялах, хүссэн хөрөнгө оруулалтаа хийх боломж бид бүхэнд нээлттэй болно.
Ажил олгогчдын хувьд ч хувийн тэтгэврийн санд нэгдэх нь давуу талтай. Тухайн байгууллага нь өндөр үр бүтээлтэй, чадварлаг ажилтнаа урт хугацааны туршид авч үлдэх боломжийг хувийн тэтгэврийн сан олгох юм. Нөгөө талаар энэ нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх нэг хэлбэр гэж харж болно.
Нэг ёсондоо хувийн тэтгэврийн сан нь ажилтанд ирээдүйн санхүүгийн баталгаа бол ажил олгогчийн хувьд бизнесийн үнэт цэнийг хамгаалах нэг шийдэл мөн.