Нүүр хуудас / Онолын нүдээр
Олон улсын санхүүгийн зах: Валютын зах (Forex market)
Олон улсын санхүүгийн зах (ОУСЗ) нь төрөл бүрийн санхүүгийн хэрэгсэл арилжаалагддаг мэргэжлийн зах юм.
ОУСЗ нь өөр хоорондын уялдаа холбоо бүхий дараах дэд захуудаас бүрдэнэ.
- Олон улсын валютын зах
- Олон улсын мөнгөний зах
- Олон улсын хөрөнгийн зах
- Олон улсын таваарын зах
- Олон улсын валютын зах
Валютын зах нь дэлхий дээрх хамгийн том зах юм. Олон улсын төлбөр тооцооны банкнаас (BIS) гаргасан мэдээгээр валютын захын өдрийн эргэлт нь хэдэн триллион доллартай тэнцдэг байна. Валютын зах дээр арилжаалагдах үндсэн хэрэгсэл нь валютууд бөгөөд товчхон хэлбэл нэг валютыг нөгөө валютаар солих арилжаа явагддаг.
Валютын хос: Аливаа улс орны валютыг олон улсын ISO 4217 стандартын дагуу 3 үсгээс бүрдсэн кодоор тэмдэглэдэг, тухайлбал MNT нь олон улсын зах дээр Монгол Улсын төгрөгийг илэрхийлэх код байна.
Дээр хэлсэнчлэн валютын арилжаа бүрт тухайн арилжаанд оролцогч талын хувьд нэг валютыг авах, нөгөө валютыг зарах арилжаа хийгдэнэ. Нэг валютыг нөгөө валютаар солих өртөг буюу тухайн валютын нэг нэгж эсрэг валютын хэдэн нэгжтэй тэнцэж байгааг валютын хосын ханшаар илэрхийлдэг. Жишээ нь: USDMNT=1562.50 гэсэн тэмдэглэгээ нь 1 америк доллар 1562.50 төгрөгтэй тэнцэж байгааг харуулна. Аливаа валют солилцооны ханш нь валютын хосын эхэнд байрлаж буй валютын нэг нэгж буюу суурь валют нь хосын эцэст бичигдэж буй валютын хэдэн нэгжтэй тэнцэж байгааг харуулдаг. Тухайн хосын хувьд байрлалыг төрөл бүрээр сонгож илэрхийлж болох боловч (тухайлбал 1 төгрөг хэдэн доллартай тэнцэж байгааг MNTUSD гэсэн хосын ханшаар харж болно) олон улсын зах дээр ихэнх хосуудын илэрхийлэл уламжлал болон тогтож нэг янзаар илэрхийлэгдэнэ. Ихэвчлэн 1 доллар нь тухайн валютын хичнээн нэгжтэй тэнцэж байгааг USDXXX байдлаар харуулдаг практик байдаг.
Мөн USDMNT гэсэн валютын ханшийн хувьд авах (bid) ба зарах (ask) ханшийг зэрэг харуулдаг. Тухайлбал 1562.50 – 1564.50 гэдэг нь тухайн ханшийг тогтоогч банк танаас 1562.50 ханшаар доллар худалдан авч, танд 1564.50 ханшаар долларыг зарна гэсэн үг.
Дэлхийн нийт арилжааны 80 гаруй хувийг голлох 5 валютын хос бүрдүүлнэ. Үүнд: EURUSD, USDJPY, GBPUSD, USDCHF, AUDUSD. Мөн олон улсын валютын захыг Foreign Exchange гэж хэлэх ба дилерүүд товчлон Forex буюу Форекс зах гэж нэрлэдэг.
Олон улсын худалдаа: Олон улсын худалдаа нь Эртний торгоны зам дагуух таваарын арилжаанаас авахуулаад Английн колончлолын үе, Америкийн худалдааны ноёрхол хүртэлх урт хугацааны түүхийн үе шатыг туулсан. Олон улсын худалдаа, экспорт импортын явцад бараа таваарын үнийг илэрхийлэх төлбөрийн нэгж буюу валют нь олон зууны турш дүрс хэлбэрийн төдийгүй ойлголтын хувьд өөрчлөгдөж иржээ. Олон улсын худалдааны эхэн үед талууд нийтээр хүлээн зөвшөөрөхүйц валют байгаагүй учир барааг бараагаар солилцох буюу бартерийн худалдаа өргөнөөр ашиглагддаг байсан. Түүхийн явцад шалгарсан, олон улсын худалдааны түүхэнд маш чухал байр суурь эзэлж ирсэн төлбөрийн хэрэгсэл бол алт юм. Гэвч сүүлийн зуун жилд алтыг төлбөр тооцоонд хэрэглэх явдал багассаар орчин үед алтны төлбөр тооцооны хэрэглээ нь үл анзаарагдам болтлоо буурсан байна.
Олон улсын худалдаа нь олон улсын валютын захын хөгжлийг бүрдүүлэгч, тулгуур харилцаа мөн.
Дериватив: Форекс зах зээлд спот (spot) буюу нэг валютыг нөгөө валютаар тэр даруйд солилцох арилжаа явагдахаас гадна ирээдүйд нөхцөл тохирч солилцох арилжаа явагддаг. Ийм төрлийн санхүүгийн хэлцлийг дериватив гэрээ, дериватив бүтээгдэхүүн гэж нэрлэдэг. Тухайлбал Форвард, Опшин, Фючерс бол бүгд дериватив гэрээнүүд юм.