Нүүр хуудас / Энгийн нүдээр / Эрсдэл, аюулгүй байдал
Эрсдэл гэж юу вэ?
Дэлхий нийтийг цочролд оруулж буй Covid-19 цар тахал нь хүний эрүүл мэнд, амь нас, сэтгэл санаа, санхүүгийн чадамж, эрх чөлөө гэх мэт маш олон зүйлүүдэд сөргөөр нөлөөлж байгаа билээ. Гэтэл бид энгийн үедээ ямар ч эрсдэл тохиолдохгүй юм шигээр амьдардаг.
Эрсдэлийг энгийнээр тайлбарлавал “ЗОРИЛТЫГ ТОДОРХОЙ БУС БОЛГОЖ БАЙГАА ҮР НӨЛӨӨ” гэж тодорхойлсон байдаг. Энэхүү тайлбарт эрсдэлийг ямар нэгэн байдлаар муу зүйл, гамшиг гэж огт тодорхойлоогүй нь сонирхолтой. Бидэнд тохиолдож болох хамгийн нийтлэг, сөрөг талаас нь дурдаж болох энгийн жишээ гэвэл түгжрэлийн асуудлыг нэрлэж болно. Түгжрэл нь таныг хүссэн газартаа хурдан очих зорилтыг тодорхой бус болгож байгаа юм.
Эрсдэлд сөрөг талаас гадна эерэг үр нөлөө байж болно. Үүнд сонирхолтой нэгэн жишээ болох "Zoom Video Communications" компанийн талаар дурдая. Цахим хурал, уулзалт зохион байгуулж, видео бичлэгийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлдэг Zoom компани нь видео конференц, вэбинар хийхэд хамгийн хямд бөгөөд хялбар платформ билээ. Covid-19 цар тахал дөнгөж эхэлж байх үед 10 сая хэрэглэгчтэй байсан Zoom компани өдөрт 300 сая хэрэглэгчийг уулзуулах талбар болж, хоёрхон улирлын дотор 600 шинэ ажилтан, дэлхий даяар туслах ажилтнуудыг оруулбал 3400 хүртэлх тооны ажилтнуудтай болж, борлуулалтын орлого нь 6.5 дахин өснө гэж төсөөлөө ч үгүй биз. Энэ бүхэн ердөө хагас жил хүрэхгүй хугацаанд болсон үр дүн юм. Энэ бүх гайхамшгийг эрсдэлийн тодорхойлолттойгоо холбож үзвэл Zoom компанийн эхний хагас жилийн зорилт нь 300 сая хэрэглэгчтэй болох байгаагүй гэж үзвэл тодорхой бус байдал бий болсон тул эрсдэл гэж үзэх шаардлагатай болж байна.
Яагаад эрсдэл гэж тодорхойлсныг тайлбарлавал энэ бүх гэнэтийн амжилтыг дагаад тохиолдсон сөрөг үр нөлөө нь гэвэл уг платформыг ашиглахад энгийн, хялбар давуу тал нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг алдах, хурал уулзалтын үеэр гадны хүн нэвтрэх зэрэг кибер аюулгүй байдлын асуудлыг бий болгосон байна. Энэхүү асуудлууд нь олон улсын түвшинд хурал уулзалт хийдэг томоохон институциудын тухайн платформоос татгалзах шалтгаан болоод байгаа билээ.
Тэгэхээр эрсдэлийн тодорхойлолтын дагуу тэрхүү зорилгыг тодорхой бус болгож байгаа нөлөө нь эерэг болон сөрөг аль нь ч байж болох тул энэхүү тодорхой бус байдлыг урьдчилан харж, төлөвлөж, бэлтгэлтэй байх нь хувь хүн, байгууллагын хувьд маш чухал чадвар болоод байна.