Нүүр хуудас  /  Энгийн нүдээр Эрсдэл, аюулгүй байдал

Хувь хүний санхүүд тулгарч болох эрсдэлээс сэргийлэх энгийн зөвлөмжүүд

Нийтэлсэн
Он сар өдөр
2021-05-06 10:23:20
Ангилал
Энгийн нүдээр

Covid-19 цар тахал хүн бүрийн ажил, амьдралд тэр ч бүү хэл таны санхүүгийн байдалд хүртэл өөрчлөлт хийх шаардлагыг бий болгож байна. Магадгүй танд, таны гэр бүлд эсвэл таны найз нөхдийн орлогод эрсдэл тулгарсан байхыг үгүйсгэхгүй юм. Тэгвэл хувь хүний хүрээнд үүсэж буй санхүүгийн эрсдэлийг хэрхэн даван туулах мөн үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.

Орлогын тогтвортой байдал

Хүн бүр өөрийн гэсэн онцлог бүхий орлого эсвэл цалингийн тогтмол орлоготой байж болно. Харин үүнийг дагаад хүн бүрт үүсэж болох эхний эрсдэл нь орж ирж буй онцлогоос хамааран тэдгээрт гарах эрсдэлүүд ч мөн өөр өөр байдаг. Иймд доорх асуултуудыг орлого бүрдээ тавих гэж оролдох хэрэгтэй. Үүнд:

  • Орлогын эх үүсвэр бүр ямар давтамжтай вэ?
  • Орлого бүр ямар тохиолдолд тасарч байсан бэ?
  • Тасалдсан нөхцөл байдлууд хэр ижил төсөөтэй байсан бэ?
  • Орлого бүр нэг бүрчлэн тасрах үед, та хэр удаан тэсэх вэ?

Эдгээр асуултын тусламжтай та ямарваа нэгэн орлогоос хараат бус байх мөн ижил нөхцөл байдлаас үүдэж орлого тасрах зэрэг эрсдэлээс зайлсхийх боломжтой юм.

Шаардлагатай бол даатгуул

Хүн бүрт байдаг нийтлэг алдаа нь эрсдэл тохиолдохыг хүлээдэгт байдаг. Өвчин тусвал эмнэлэг орно, үүссэн асуудлыг хадгаламжаас эсвэл таны тогтмол орлогоос, зээлээр гэх мэт гэнэтийн байдлаар шийдвэрлэдэг. Энэ нөхцөл байдал нь таны цаашид хэрэглэх хэрэгцээ зэрэг санхүүгийн урсгалд хүндээр нөлөөлөх, хүрэлцээгүй байдал үүсэх, гэнэтийн зардалд бэлэн биш байх зэрэг асуудлуудыг дагуулж байдаг.

Хэрэв танд эрсдэл тохиолдох магадлал бага хэдий ч санхүүгийн хувьд хүнд нөхцөл байдалд оруулах зүйлсийг даатгалаар шийдэх нь хамгийн зохистой арга бөгөөд бага зардлаар санхүүгийн эрсдэлийг хүндрэлгүй даван гарах нөхцөл юм. Жил бүр та бага хэмжээг даатгалын хураамжид төсөвлөж гаргах бөгөөд энэ таны гаргасан зардалтай харьцуулахад илүү том эрсдэлээс сэргийлж байдаг гэдгийг харгалзан үзэх хэрэгтэй. Даатгуулахын өмнө зайлшгүй хийх зүйлс бол:

  • Даатгуулах хэрэгцээгээ тодорхойлох
  • Хийлгэж буй даатгалын таатай нөхцөл бүхий бүтээгдэхүүн үйлчилгээ, байгууллагыг судлах
  • Даатгалын хураамжид төлөх дүн таны санхүүгийн урсгалд ямар нөлөө үзүүлж байгаа болоод эрсдэл тохиолдсон үед ямар эрсдэлийг хамруулж байна вэ гэх байдлаар үр ашгийг хэмжих нь зүйтэй.

Бүх зүйлс өндөр эрсдэлтэй байж болохгүй

Санхүүгийн зах зээл хөгжихийн хэрээр танд таалагдаж болохуйц хөрөнгө оруулалтууд, их хэмжээний ашгийн боломжууд бий болж байна. Хамгийн энгийн жишээг дурдвал криптовалют, Forex арилжаа, хувьцаа бүр цаашлаад санхүүгийн ахисан түвшний хэрэгслүүд байхыг үгүйсгэхгүй юм.

Бүх санхүүгийн зөвлөгөө, гарын авлагад байдаг дүрэм бол “Нэг сагсанд бүх өндгөө бүү хий”. Хэрэв эрсдэл тохиолдвол та нэг ч өндөггүй болно гэдгийг сайтар анхаарах нь зүйтэй. Уг зөвлөгөөг харахад ойлгомжтой хэдий ч үүний ард маш олон зүйлс хамаарч байдаг.

Санхүү тэр тусмаа хөрөнгө оруулалт таны орлогын нэгээхэн хэсэг болж орж ирж байгаа тохиолдолд илүүтэй анхаарах нь зүйтэй. Нэг сагсны ард байгаа зүйлсийг тайлбарлавал:

  • Сэтгэл зүй: Хүн бүрт тулгардаг зүйл бол орлого, эсвэл олсон хөрөнгө нь ганц зүйлээс хараат байх бөгөөд уг хараат байдал нь тасалдах эсвэл бүх зүйлээ алдах боломж бий гэсэн зүйлс нь тухгүй, таагүй мэдрэмж төрүүлэх нь мэдээж. Үүнийг дагаад алдах дүн болоод үүсэх дагавар нь стресстэй байдлыг бий болгож байдаг.
  • Шийдвэр гаргалт: Мэдээж таны сэтгэл зүйн хувьд тогтворгүй байх нь дараа дараагийн санхүүтэй холбоотой шийдвэр гаргалтуудыг яаруулах, буруу шийдвэр судалгаагүй гаргах гэх мэт дам нөлөөллүүд үүсэх боломжтой байдаг.
  • Илүү боломж, хөрвөх чадвар: Бүх хөрөнгө, орлого нэг зүйлээс хараат учир олохыг зорьж буй орлогоос, алдагдалтай тохиолдолд алдагдлыг арилгах зэрэг зүйлс нь таны дараагийн боломжуудыг хааж байдаг. Энгийн жишээгээр авч үзвэл та бүх мөнгөндөө нэг хувьцаа авсан бөгөөд ханш 20%-ийн алдагдалтай явж байгаа үед та алдагдал хүлээсэн тохиолдолд байсан хөрөнгөө анх оруулсан хэмжээнд очиход 25% буюу илүү чармайлт гаргах шаардлага эсвэл алдагдлыг нөхөх хүртэл хөрөнгөө түгжих сонголтуудтай нүүр тулгарах юм.
  • Бүх хөрөнгөө алдах: Танд хөрөнгөө олон дахин өсгөж, нэмэгдүүлэх боломж байгаа бол нөгөө талд нь бүхнээс алдах боломж бий. Үүнтэй холбоотой сонирхолтой жишээ нь 2020 онд газрын тос хэмээх маш чухал түүхий эд 0.00 USD-с доогуур үнээр борлуулагдсан тохиолдол гарсан юм. Олон шинжээч энэ зүйлс тохиолдох хүртэл төсөөлсөн эсэхийг хэлж мэдэхгүй.

Эдгээр зөвлөгөө таны цаашдын тулгарах эрсдэлд хувийн хөрөнгөө удирдахад тусална гэж найдаж байна.