Нүүр хуудас  /  Энгийн нүдээр Санхүү, эдийн засаг

Өрийн хямралыг даван туулах зарчмууд

Нийтэлсэн
Он сар өдөр
2021-05-27 02:17:39
Ангилал
Энгийн нүдээр

Та бүхэндээ санхүү болон эдийн засгийн алдартай номуудын хураангуйг хүргэх цуврал нийтлэлийн энэхүү дугаарт Рей Далиогийн “Өрийн хямралыг даван туулах зарчмууд” номыг хүргэж байна.

 

Сүүлийн жарны турш дэлхий дахинд өр, дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа нэмэгдсээр байна. 2018 оны 12 дугаар сарын тэмдэглэлдээ Рэй Далио хэлэхдээ: “Урт хугацааны болон богино хугацааны өрийн мөчлөгийн сүүлийн шатанд явж байна”. Хөрөнгийн зах зээлийн хувьд энэ нь ямар ач холбогдолтой вэ?

Далиогийн үзэж байгаагаар зээлийн мөчлөг нь "логик аргаар явагддаг цуврал үйл явдлуудаас өөр зүйл биш юм." Өрийн хямрал нь, тухайн эдийн засгийн өрийн цар хүрээ нь зөвхөн зээлийн хүүг бууруулах байдлаар эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлэхэд хангалтгүй хэмжээнд хүрэх тохиолдол юм.

“Өрийн хямралыг даван туулах зарчмууд” ном нь дээрх хямралын механизмын талаар ойлголт өгөх зорилготой. Далио хямралын үүслээс авахуулаад шийдвэрлэх үе шат хүртэлх явцыг зургаан үе шатанд хувааж үзсэн. Тэрбээр ДНБ-ий өсөлт 3% ба түүнээс дээш хувиар буурсан 48 түүхэн тохиолдлыг судалж, шинжилгээ хийсэн байна. Дээрх тохиолдлууд нь хөгжингүй орнууд болон хөгжиж буй орнуудын эдийн засгийн хямралыг хамарсан, өргөн цар хүрээтэй. Далио өрийн хямралыг дефляцийн ба инфляцын гэсэн хоёр ангилалд хувааж үзсэн ба хоёуланд нь эдийн засаг, зах зээлийн мэдээллүүдийг өгсөн болно.

Дефляциас үүсэлтэй өрийн мөчлөг нь тухайн улсын нийт өрийн хэмжээний дийлэнх хэсэг нь өөрийн мөнгөн тэмдэгтээр хийгдсэн тохиолдлыг хэлнэ. Далиогийн үзэж байгаагаар бол бодлого гаргагчдын хувьд энэхүү хямралыг зохицуулан даван гарахад боломжтой боловч зарим хүмүүст маш хохиролтойгоор тусах болно.

Харин инфляцаас үүсэлтэй өрийн мөчлөг нь тухайн улсын нийт өрийн хэмжээний дийлэнх хэсэг нь гадаад валютаар хийгдсэн тохиолдол болно. Энэ хямралын төрөл нь бодлого боловсруулалтын түвшинд тухайн хямралын сөрөг үр дүнг тархааж багасгасан байдлаар зохицуулахад хүндрэл үүсгэдэг. Бодлого тодорхойлогчдын хувьд тухайн хямралын сөрөг үр дүнг хэн, хэр хэмжээгээр эдэлж, хэнд ашигтай байх шийдвэрийг гаргах шаардлагатай болдог ба тухайн шийдвэрийн үр дүн нь улс төрийн болон бусад хохиролтой нөлөөллүүд нь хүлээн зөвшөөрөхүйц байх шаардлагатай. Энэхүү процесс нь эдийн засгийн болон стратегийн ач холбогдол бүхий институтийг дахин хөрөнгөжүүлэх шаардлагыг үүсгэдэг.

Инфляцаас үүсэлтэй өрийн мөчлөгт "нийгмийн дээд давхаргын хүмүүс нь өөдрөг үзэлтэй байдаг ба энэ нь үнэнд шууд нөлөөтэй байдаг. Иймд багахан зэргийн хэлбэлзэл, үйл явдал ч гэсэн гадаадын хөрөнгийн урсгал удааширч, дотоодын хөрөнгийн урсгалын өсөлтийг өдөөж болно." Үүний дараагаар валютын ханшийн уналт ихэвчлэн дагалддаг. Бодлого боловсруулагчид ханшийн уналттай тэмцэхээ зогссоны дараагаар мөнгөн тэмдэгтийн үнэлгээ нь эхний жилдээ дунджаар 30%-аар унадаг.

Бодлого боловсруулагчдад өр болон өртэй холбоотой зардлыг бууруулах дөрвөн арга зам, хөшүүргүүд байдаг.

  1. Хэмнэлт
  2. Өрийн дефолт, бүтцийн өөрчлөлт хийх
  3. Төв банкнаас мөнгө хэвлэх
  4. Чинээлэг хүмүүсээс ядуу хүмүүс рүү чиглэсэн мөнгөний шилжих хөдөлгөөн үүсгэх буюу мөнгөний дахин хуваарилалт хийх

Бодлого бүр нь эдийн засагт, улмаар зах зээлд өөр өөр нөлөө үзүүлдэг. Хэмнэлт ба өрийн дефолт нь дефляцийн шинж чанартай. Харин төв банкнаас мөнгө хэвлэх нь инфляцын шинж чанартай ба эдийн засгийн өсөлтийг өдөөдөг. Мөнгө шилжүүлэх буюу мөнгөний дахин хуваарилалт хийх нь ялагчид, ялагдагчдыг бий болгодог. Хэмнэлт, өрийн дефолт болон мөнгөний дахин хуваарилалт нь бүгд улс төрийн хувьд маш хүндрэлтэй шийдвэрүүд байдаг. Тиймээс ихэнх орнууд мөнгөн тэмдэгт хэвлэх гарцыг сонгодог.

Бодлого боловсруулагчид эдгээр дөрвөн хөшүүргийг зөв зохицуулан ашигласнаар өрийн хямралыг амжилттай даван гарах боломжтой. Хүрч болох хамгийн сайн үр дүн нь  өр болон орлогын харьцаа нь багасахын зэрэгцээгээр эдийн засгийн үйл ажиллагаа, санхүүгийн хөрөнгийн үнэ сайжрах болно.

Тэнцвэргүй байдлыг бууруулах засгийн газрын үйл ажиллагааг зах зээл таатай хүлээж авах болно. АНУ-ын 1929 оны их хямралын үеэр хөрөнгийн бирж дээр зургаан том эерэг өөрчлөлт гарсан ба тус бүр нь засгийн газрын бодлогоор өдөөгдсөн байдаг.

Хамгийн үр дүн сайн байх боломж нь мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа холбоотой байдал дээр тулгуурладаг бөгөөд ингэснээр хэвлэх замаар олгосон мөнгийг бодитой зарцуулах боломжийг олгодог. Эсрэгээрээ, дээрх зохицлыг хангаагүй тохиолдолд, мөнгөний тэлэх бодлого нь эдийн засгийн үйл ажиллагааг бий болгож чадаагүй тохиолдолд бодлого боловсруулагчдыг "Утас ээрэх" байдал буюу хямралд нөлөөгүй бодлого барьж байгааг харуулна. Энэ тохиолдолд хөрөнгө оруулагчдын хувьд үүсэх эрсдэл нь мөнгөний нийлүүлэлт хэт ихэссэнээр валютын ханшны уналтад хүргэх болно.

Хамгийн муу тохиолдолд бодлого боловсруулагчид нь инфляцын мөчлөгийг хянах чадвараа алдаж, гиперинфляци үүсгэх юм. Энэ номд Далио, 1918-1924 оны Германы өрийн хямралыг дээрх нөхцөлүүдийг ашиглан тайлбарладаг.

Далиогийн судалсан хямралууд нь бүгд нийтлэг шинж чанартай байсан. Тус хямралууд нь эцэстээ, мөнгө хэвлэх, төсвийн алдагдал, валютын ханшийн уналтад (алт, түүхий эд, хувьцааны эсрэг) хүргэдэг. Нийт судалж үзсэн 48 хямралын тохиолдлуудад хөрөнгийн зах зээл дунджаар 50 орчим хувиар буурсан. Валютын ханшийн сулрал нь гадаад дахь хөрөнгө оруулагчдад маш хүндээр нөлөөлсөн ба энэ хүндрэл нь инфляцын өрийн мөчлөгийн үед бүр илүү байсан.

Номыг нийт гурван хэсэгт хуваасан (тус бүрийг үнэгүй татаж авах боломжтой) ба голлох судалгаануудыг Нэгдүгээр хэсэг буюу "анхны өрийн мөчлөг" 64 хуудаснаа харуулсан. Хоёрдугаар хэсэгт гурван томоохон хямралыг Далиогийн нарийвчилсан анализ хийж үзүүлсэн: Германы хэт инфляц, Их хямрал, дэлхийн санхүүгийн хямрал. Гуравдугаар хэсэгт нийт 48 хямралын тохиолдлыг товч тоймлон харуулсан. Эндээс хөрөнгө оруулагчид тохиолдол бүрийн талаарх нарийвчилсан мэдээллүүд, үнэт цаасны үнэ, нэрлэсэн урт хугацааны хүү, ашгийн муруй, арилжааны жигнэсэн индексүүдтэй харьцуулсан бодит ханшийн шилжилт, алтны үнийн графикийг харах боломжтой.

Өрийн хямрал нь хөрөнгө оруулалтын менежерүүдийн хувьд, амьдралыг нь тодорхойлох үйл явдал байж болно. Жон Полсоны 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын үеэрх амжилт, ОХУ дахь өрийн хямралаас үүдэлтэй 1998 оны урт хугацааны хөрөнгийн менежментийн сангийн дампуурал зэрэг нь үүний тод жишээ юм. Энэхүү ном нь өрийн хямралтай тулгарч буй хөрөнгө оруулагчдад эдийн засгийн болзошгүй хувилбаруудын талаар ойлголт өгч үүнийгээ бодит нотолгоогоор баталгаажуулдаг. Үүний зэрэгцээгээр уг номыг уншсанаар хөрөнгө оруулагчид нь хямралын үеийн хөрөнгө оруулалтын талаар ямар мэдээлэл хэрэгтэйг ойлгох болно.