Нүүр хуудас  /  Бизнесийн нүдээр Гадаад орчин ямар байна вэ?

Дотоодын нийт бүтээгдэхүүнд эмэгтэйчүүдийн хувь нэмрийг тооцдоггүй

Нийтэлсэн
Он сар өдөр
2021-05-31 03:42:17
Ангилал
Бизнесийн нүдээр

ДНБ төгс хэмжүүр үү?

Эдийн засгийн тэлэлт, уналтыг тоонд буулган хэмжихийг Орос гаралтай Америк эдийн засагч Күзнец 1930-аад онд тооцон гаргажээ. Улмаар тус тооцооны системийг олон улсын түвшинд ашиглах болсноор ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН гэх үзүүлэлт эдийн засгийн шинжлэх ухаанд анх мэндэлсэн түүхтэй. Гэвч түүнээс ч өмнө 1690-д оны үед баялагийг хэмжих оролдлогыг Английн эдийн засагч У.Пэти хийж байжээ. Тэрээр арай бүдүүн тооцоо гаргахдаа Англи улс өмнөх оноосоо илүү баян болсон гэдгийг тодорхойлсон байна.

Эдийн засгийн тэлэлт, агшилтыг хэмждэг үзүүлэлттэй болсон нь эдийн засгийн шинжлэх ухаанд том дэвшил байсан. Гэвч ДНБ нь үнэхээр төгс хэмжүүр үү? гэвэл мэдээж үгүй. Зарим чухал зүйлсийг ДНБ-д тооцож чаддаггүй. Тухайлбал, албан бус ажил эрхлэлт, сайн дурын ажил, гэрийн ажил, байгаль орчны бохирдол гэх мэт зүйлсийг дурьдаж болно. Жишээ нь, албан бус ажил эрхлэлт манайх шиг хөгжиж буй орнуудад өндөр байдаг. Ялангуяа эмэгтэйчүүд албан бус ажил эрхлэлтийн ихэнх хэсгийг бүрдүүлдэг. Хэдийгээр зарим эмэгтэйчүүд ажил мэргэжлийн хувьд амжилт гаргадаг ч ажил, амьдралаа хослуулан тэнцвэртэй авч явах шаардлага тулгардаг. Өндөр настай аав, ээжээ асрах, хүүхдээ өсгөх зэрэг маш их ажлыг тэд хийж амжуулдаг. Гэвч тэдний хувь нэмрийг ДНБ-д оруулж тооцдоггүй. Статистик ч үүнийг батлах бөгөөд эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 2008 оноос хойш тасралтгүй буурч 46 хувьд хүрээд байна. Яг үүнтэй адил байгаль орчны бохирдлыг ч ДНБ-д тусгаж тооцдоггүй.

Улс төрчдөд тавьсан занга.

Нэг талаараа ДНБ-г хэмжиж чадсан нь улс төрч, эдийн засагчдад тавьсан зугтах боломжгүй занга байсан юм. Өөрөөр хэлбэл эдийн засаг уналттай үед ажилгүйдлийн түвшин өсч, цалин ашиг буурснаар нийгмийн сайн сайхан байдал буурдаг. Улмаар улс төрч, эрх баригчид дараагийн сонгуулийн дүнгээ тавиулдаг гэсэн үг. Жишээ нь уул уурхайгаас хамааралтай манай улсад түүхий эдийн үнийн өсөлт, бууралтаар эдийн засаг нь тодорхойлогддог. Түүхий эдийн үнийн өсөлтийн үед МАН, харин уналтыннх нь үед АН гардаг зүй тогтолтой. Харин одоо ДНБ, инфляци, ханш зэрэг үзүүлэлтийг хараад тэднийг дүгнэх нь нэгэнт өрөөсгөл болжээ. Тухайлбал дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт өндөр байсан хэдий ч тэрхүү өсөлт нь тэгш бусаар хуваарьлагдсанаар цөөн хэдэн хүн ихийг хүртэж, үлдсэн нь маш багыг хүртэх боломжтой.

Хөгжлийн шинэ хэмжилтийн эрэлд...

ДНБ-н сул талыг олон эдийн засагчид гаргаж ирж, дэвшүүлж тавьсан ч одоог хүртэл түүнийг бүрэн орлох хэмжигдэхүүнийг гаргаагүй л байна. Гэвч тэд зүгээр суусангүй. Эдийн засгийн хөгжлийг илүү илэрхийлж чадах үзүүлэлтийг хайж эхэлсэн. Тухайлбал, Дотоодын нийт бүтээгдэхүүнийг орлогын хуваарьлалт, байгаль орчны бохирдолт зэргээр засварлан тооцсон. Мөн нийгмийн сайн сайхан байдлыг илэрхийлэх аз жаргалын индексийг хүртэл хэмжээд байна. Жишээ нь Монгол улс аз жаргалын индексээр 156 улсаас 94-р байранд орж байна. Нийгэм, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, авилга, байгаль орчны ашиглалт зэргээс Монгол Улс нилээд доогуур оноо авчээ. Цаашид бид тогтвортой хөгжил, ногоон ДНБ, аз жаргалын индекс зэрэг хүчин зүйлсийг тооцож, хэрэглэж хэвших хэрэгтэй. Энэ нь бидний бодит байдлыг илүү тодорхойлж өгч, бидний хийх ёстой зүйлийг ойлгуулахад тодорхой хувь нэмрийг оруулна. Үндэсний статистикийн хорооноос албан бус ажил эрхлэлтийн судалгааг явуулдаг хэдий ч түүнийг хэн нь ч барьж ярьдаггүй, хэн нь ч тоохыг хүсдэггүй.