Нүүр хуудас / Бизнесийн нүдээр / Дотоод орчин ямар байна вэ?
STARTUP гэж юу вэ? /2-р хэсэг/
Бид уншигчдадаа зориулан сүүлийн үед дэлхий нийтийн анхаарлыг татах болсон бизнесийн нэг төрөл StartUp-ийн талаар мэдээллийг бэлтгэн хүргэж байгаа билээ. Өнгөрсөн удаад StartUp-ийн ерөнхий ойлголт, төрлүүд болон бусад бизнесээс ялгарах давуу, сул талын талаар нийтлэлийг хүргэсэн бол энэ удаад гарааны бизнесийн зах зээл, Монголд амжилттай хэрэгжсэн гарааны бизнесийн зарим жишээнээс хүргэх болно.
StartUp зах зээлийн төрлүүд:
- Өнөөгийн зах зээл: /Existing market/
Ихэнх StartUp компаниуд өмнө нь байсан зах зээлд үйл ажиллагаагаа эхлүүлдэг бөгөөд тэдгээрийн зарим нь тухайн зах зээлийг илүү хөгжүүлдэг байна. Одоогийн байгаа зах зээлүүд нь аль хэдийнээ олон оролцогчтой, өрсөлдөөн ихтэй салбар тул энэ орчинд амжилт олохын тулд тухайн бизнесийн салбараа маш сайн судалж, шинэ санаа, оновчтой бизнес загвар боловсруулах, мөн илүү чанартай, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлчилгээ гаргаж, хэрэглэгчдийн сэтгэлд нийцэх шаардлагатай.
- Дахин сегментчилсэн зах зээл: /Resegmented market/
Зах зээлийг дахин сегментчилэх гэдэг нь зорилтот зах зээлээ маш нарийвчлан сонгож, зөвхөн тухайн зах зээлд үйл ажиллагаа явуулахыг хэлнэ. Ихэнх тохиолдолд цөөн тооны, хүчирхэг компани зах зээлийг хуваан эзэлсэн байдаг. Иймд шинэ, жижиг бизнесүүд тухайн зах зээлд өрсөлдөх боломж тэр бүр байдаггүй. Харин үүний оронд тухайн салбарыг сайтар судалсны үндсэн дээр одоо байгаа зах зээлийн нийлүүлэлт хангалтгүй байгаа хэсэгт ажиллана гэсэн үг юм. Хэрэглэгчдийн хүслийг сайтар мэдэрч, бусад компанийн өгч чадаагүй тэр эрэлтийг бүтээгдэхүүндээ шингээж өгөх нь дахин сегментчилсэн зэх зээлд амжилтад хүрэх үндэс болдог.
- Шинэ зах зээл: /New market/
Шинэ зах зээл гэдэг бол жинхэнэ утгаараа цоо шинэ зах зээл юм. Өөрөөр хэлбэл энэ зах зээлд ямар ч өрсөлдөгч, ижил төрлийн бүтээгдэхүүн, хэрэглэгч хүртэл байхгүй. Та өөрөө бүтээгдэхүүн үйлчилгээ, бизнесийн шинэ санаа гаргаж, хэрэгжүүлэхийн тулд зах зээлийн багтаамжаа тооцон өөрийн хэрэглэгчдээ бүтээх ёстой. Тухайн шинэ санаа зах зээлд амжилттай нэвтрэх эсэхийг мөн хэрэглэгчдэд хэрэгтэй эсэхийг та өөрөө батлах шаардлагатай. Иймд энэ төрлийн зах зээл нь хамгийн эрсдэл өндөртэй гэж үздэг.
- Нутагшуулах зах зээл: /Clone market/
Нутагшуулах зах зээл гэдэг бол өөр зах зээлд амжилттай хэрэгжсэн бүтээгдэхүүнийг шинэ зах зээлд соёл болон нийгмийн бусад хүчин зүйлсэд тохируулан сайжруулж нэвтрүүлдэг сегментүүд юм. Энэ нь нэг улсын зах зээлд амжилттай хэрэгжиж байгаа бизнес моделийг өөр нэг улсын энтерпрэнерүүд хуулбарлан өөрийн улсын зах зээлийн онцлог, улс төр, нийгэм соёлын хүчин зүйлд тохируулан өөрчилж, нэвтрүүлэх гэж ойлгож болно.
Монгол дахь гарааны бизнесийн жишээнүүд:
Монголд амжилттай үйл ажиллагаа явуулж буй олон төрлийн гарааны бизнесүүд байдаг. Тэднээс цөөн хэдийг дурдвал:
ERXES: Хэрэглэгчтэйгээ харилцах, борлуулалтаа хөтлөх, оновчтой маркетинг зэрэг байгууллагын чухал асуудлыг цогцоор шийдэх платформ хөгжүүлж өдгөө амжилттай ажиллаж байгаа юм.
UB Comedy: Монголд урд өмнө энтертаймент салбарт standup comedy төрөл байгаагүй ч тэд өөрсдийн бизнесээ амжилттай нутагшуулж, гадаадад тоглолт хийж, цаашлаад ижил төрлийн өрсөлдөгчтэй болох хүртлээ хөгжиж чадсан.
LendMn: Аппликэйшнээр дамжуулан зээл олгож, IPO хийн, олон нийтэд хувьцаа арилжаалж эхэлсэн нь манай улсын гарааны бизнесийн хувьд онцлох үйл явдал гэж үзэн Unread-аас 2018 оны онцлох гарааны бизнесийн тоонд оруулсан байдаг.
CallPro: Энэ бизнес нь байгууллагын харилцааны хамгийн чухал хэсэг болох дуудлагын төвийн цогц шийдлийг боловсруулан шаардлагатай компаниудад нийлүүлэн ажилладаг. Энэ салбарт ажиллаж байсан туршлагатай мөн салбарын эрэлт хэрэгцээг сайн мэддэг, зах зээлээ сайн судалсан залуус нэгдэн энэхүү бизнесийг эхлүүлж байсан бөгөөд анхны хөрөнгө оруулалтаа өөрсдийн хуримтлалаар босгож байжээ. Харин одоо гадаадаас хөрөнгө оруулалт татаж өөрсдийн зах зээлдээ хэдийнээ танигдсан амжилттай бизнес болсон.
PickPack: Монголын анхны Fulfillment Center буюу нэгдсэн агуулахын үйлчилгээг нэвтрүүлсэн "PickPack Mongolia" компани нь онлайн дэлгүүрийн бизнес эрхэлдэг, бүтээгдэхүүний агуулах хадгалалтын асуудалтай яваа хэн бүхэнд тэдгээр асуудлаа цогцоор нь шийдэх боломжийг олгожээ. Нээлттэй агуулах, ангилалт, логистикийн нэгдсэн үйлчилгээг амжилттай нэгтгээд барахгүй давхар хүргэлтийн үйлчилгээ ч үзүүлдэг уг компани хэрэглэгчдийн хүсэл, хэрэгцээнд тулгуурласан үйлчилгээг нэвтрүүлсэн байна.
CU Mongolia: БНСУ-ын конвиниенс дэлгүүрийн салбарт 30 гаруй жил амжилттай ажилласан туршлагатай, CU брэндийн үйл ажиллагааг Монгол улсад нэвтрүүлсэн нь худалдаа үйлчилгээний салбарын хөгжлийг нэг шатаар ахиулаад байна. Өдгөө 140 гаруй салбар дэлгүүртэйгээр үйл ажиллагаагаа явуулж буй CU нь нутагшуулах зах зээлд орж ирсэн нэг том жишээ юм.
Монгол Улсад сүүлийн жилүүдэд гарааны бизнесүүд хүч түрэн орж ирж байгаа нь манай бизнесийн зах зээлийн нөхцөл сайжирч байгаагийн нэг илрэл юм. Үүнийг дагаад гарааны бизнес эрхлэх сонирхолтой хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа учир StartUp-ийн зах зээл болон түүний ажиллах процессын талаар мэдлэг, мэдээлэлтэй байх нь чухал билээ.