Нүүр хуудас / Бизнесийн нүдээр / Дотоод орчин ямар байна вэ?
STARTUP гэж юу вэ? /1-р хэсэг/
Шинээр үйл ажиллагаа явуулж, тухайн зах зээлд өөрийн байр суурийг олохоор хичээж буй бизнесүүдийг /StartUp компаниудыг/ Монгол хэлнээ “Гарааны бизнес” хэмээн нэрлэдэг. Харин алдарт хөрөнгө оруулагч Стив Бланк “StartUp гэдэг нь тасралтгүй үргэлжлэх, цаашид өргөжин тэлэх боломжтой, бизнес моделийг хайхаар загварчлагдсан түр хугацааны байгууллага юм” гэж тодорхойлсон байдаг. Үүнээс үзэхэд StartUp буюу гарааны бизнес нь том компанийн жижгэрүүлсэн хувилбар, эсвэл жижиг дунд бизнес биш ба бизнес моделийн хайгуул хийж буй шинэ байгууллага гэж ойлгож болох юм. Тэр хэмжээгээр гарааны компанид бизнесийн модель болоод бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн шинэ санаа нь нэн чухал үүрэгтэй.
StartUp бусад бизнесээс ямар ялгаатай вэ?
- Баг бүрдүүлэлт: Хүний нөөц бүрдүүлэлт, багийн гишүүдийн тоо зэргээс эхлэн зарим талаараа ялгаатай. StartUp нь багийн хувьд ихэвчлэн үүсгэн байгуулагчид, хамтрагчид болон багт шаардлагатай цөөхөн хэдэн ажилтнуудаас бүрддэг. Тухайн багийг хөдөлгөх гол хүч бол өндөр цалин, ажлын орчин бус, үүсгэн байгуулагчдын гаргаж буй бизнес санаа, шийдлийг амжилтад хүрнэ гэдэгт итгэх багийн итгэл юм. Мөн StartUp компаниуд нь тухайн багт үнэхээр чухал үүрэгтэй гэж үзсэн ажилтнууддаа хувь эзэмшүүлсэн жишээ түгээмэл байдаг.
- Санхүүжилт: Ихэнх уламжлалт бизнесүүд банкнаас зээл авах аргаар санхүүжилтээ босгодог. Харин арилжааны банк зээл олгохдоо туршлага, барьцаа хөрөнгө шаарддаг тул гарааны бизнесийн хувьд банкнаас зээл авахад хүндрэлтэй байдаг байна. Тиймээс уламжлалт банкны системээс мөнгө босгох боломжгүй болдог. Түүний оронд Angel Investors, VC зэрэг гарааны бизнесүүдийн санхүүжилт босгох өөр аргуудыг түлхүү ашиглах болжээ. Мөн сүүлийн үед Crowdfunding буюу олон нийтээс хөрөнгө босгох зарчим болон үүсгэн байгуулагчид өөрсдийн хөрөнгөөр анхны санаагаа хэрэгжүүлэн дараа нь хөрөнгө оруулалт татах хэлбэрүүд түгээмэл дэлгэрч байна.
- Бизнес модель: Өсөж хөгжих StartUp компанийн бизнес модель нь тасралтгүй үргэлжлэх, дахин давтагдашгүй байх шаардлагатай. Бизнесийн онцлог, зах зээл болон хэрэглэгчдийн сегментийг сайтар судалсны үндсэн дээр өөрсдийн бизнесийн загварыг гаргах нь цаашид үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлэх үндэс болно.
- Бизнесийн зорилго: Уламжлалт бизнесийн гол зорилго нь ашиг олох буюу байгууллага ашигтай ажиллах явдал байдаг бол гарааны бизнесийн хувьд туйлын зорилго нь ашиг биш байж болно. Нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, эсвэл сайн дурын шинжтэй ч байж болдог.
- Ашигт ажиллагаа: StartUp нь хөрөнгө оруулагч нарын хөрөнгийг өсгөж өгөхийн сацуу өөрсдөө ч ашигтай ажиллаж, өсөн дэвжих боломжтой байх шаардлагатай. Цаашид тухайн бизнес зах зээлд амжилттай оршин тогтнож чадах эсэх нь бизнес загвараас шалтгаалах бөгөөд үүнээс хэрхэн ашигтай ажиллах нь ч мөн хамаардаг.
- Хууль эрх зүйн орчин: Зарим орнуудад гарааны бизнес эрхлэх орчинг тусгайлан бүрдүүлсэн байдаг. Манай улсын хувьд хараахан эрх зүйн орчин бүрдээгүй хэдий ч зарим холбоотой хуулиудад хамаарал бүхий цөөн хэдэн заалт байдаг. Мөн гарааны бизнесүүдэд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд цөөнгүй байдаг бөгөөд цаашид эрх зүйн орчин улам хөгжиж, гарааны бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэх бүрэн боломжтой.
StartUp бизнесийн төрлүүд:
- StartUp амьдралын хэв маяг: Энтрепренёр амьдралын хэв маягийг сонгосон хүмүүсийг энэ ангилалд багтааж болно. Тэд өөрсдийнхөө хүсэл мөрөөдлийг гүйцэлдүүлэхийн тулд ажилладаг бөгөөд энэ нь тэдний амьдралын хэв маяг юм.
- StartUp жижиг бизнес: StartUp жижиг бизнесийн ангилалд дэлгүүр, үсчин, цайны газар ажиллуулдаг энтрепренёруудыг хамруулна. Тэдний бизнесийн зорилго нь гэр бүл, амьжиргааны зардлаа хангахуйц мөнгө олох бөгөөд бизнесээ өргөжүүлэхээр загварчлагдаагүй байдаг. Энэ төрлийн бизнесүүд нь хэдий тэрбумтнууд болдоггүй ч үйл ажиллагаа явуулж буй газраа ажлын байр бий болгодог.
- Өсөж дэвжих StartUp: Эдгээр гарааны бизнесийн үүсгэн байгуулагчид нь дэлхийг өөрчлөх зорилготойгоор компаниа байгуулдаг. Google, Skype, Facebook, Twitter зэрэг компаниуд бүгд энэ ангилалд багтана. Эдгээр StartUp-ууд хөрөнгө оруулагчдад өндөр өгөөжийг амладаг ч өндөр эрсдэлтэй байдаг. Мөн хамгийн шилдэг мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлдэг.
- Нийгмийн StartUp: Нийгмийг өөрчилж, илүү дэвшилтэт орчинг бий болгох зорилгоор байгуулагдсан гарааны бизнесүүд энэ ангилалд багтана. Нийгмийн StartUp компанийн бүтэц, зохион байгуулалт нь ихэвчлэн ашгийн төлөө бус байдаг бөгөөд зарим тохиолдолд ашгийн төлөө эсвэл холимог бүтэцтэй байдаг.
- Бусад компанид нэгдэх StartUp: Том компаниуд үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэх зорилгоор салбарын жижиг бүтэцтэй ч том потенциалтай компаниудыг худалдан авах тохиолдол цөөнгүй байдаг. Тэд хэдийгээр өсөн дэвжих зорилготой ч санхүүгийн болон бусад шалтгаанаар том компаниудад нэгдэж, өрсөлдөөнөөс хасагддаг.
- Том компанийн StartUp: Сүүлийн жилүүдэд үндэстэн дамнасан том корпорацууд үр ашгаа нэмэгдүүлэхэд зөвхөн одоо байгаа бизнес моделио сайжруулах нь хангалттай бус гэж үзэх болсон. Зах зээлийн өрсөлдөөн ширүүсэхийн хэрээр том компаниуд ч байнгын инноваци хийж, шинэ бизнес моделийг хөгжүүлэх нь өрсөлдөөнд тэсэж үлдэх нэг арга зам юм. Иймээс өөрийн харьяа гарааны бизнесийг эхлүүлэх явдал түгээмэл байдаг байна.
Энэ удаад бид StratUp-ийн бусад бизнесээс ялгарах давуу болон сул тал, түүнчлэн гарааны бизнесийн төрлүүдийн талаар мэдээлэл бэлтгэн хүргэлээ. Харин гарааны бизнесийн зах зээлийн орчин болон Монгол Улсад амжилттай хэрэгжсэн гарааны бизнесүүдийн талаар сонирхолтой мэдээллийг дараагийн нийтлэлээрээ хүргэх болно.