Нүүр хуудас  /  Бизнесийн нүдээр Эдийн засаг цаашид яах вэ?

Блокчэйн технологи дээр суурилсан санхүүгийн зах зээлийн эрин үе

Нийтэлсэн
Он сар өдөр
2021-06-11 01:17:09
Ангилал
Бизнесийн нүдээр

Орчин үед ихэнх мөнгөнүүд цахим хэлбэрт шилжиж байна. Та яаралтай үед банк руу гүйж, дугаар авч, очерлон мөнгө шилжүүлэхийн оронд интернэт банк ашиглан хоромхон хугацаанд шилжүүлж чадаж байна. Тухайлбал Монгол Улсын хувьд мөнгөний нийлүүлэлтийн 7 хувь нь бэлэн мөнгөн дэвсгэртээр, үлдсэн 93 хувь нь банкнуудын компьютерт хадгалагдаж буй тоон хэлбэртэй бичигддэг. Хөгжингүй орнуудад бэлэн мөнгөний эзэлж буй хувь дунджаар 4 хувь байдаг. Эдгээр цахим мөнгөнөөс гадна криптовалютууд санхүүгийн зах зээлд нэвтэрч эхэлснээр нэлээд том өөрчлөлтийг бий болгож байна. Та бидний өдөр тутмын амьдралыг интернэт, гар утас зэрэг технологиуд гарч ирснээр хэрхэн өөрчилж буйг харж байгаа биз. Яг үүнтэй адил криптовалют нь блокчэйн технологи дээр суурилсан байдгаараа цахим мөнгөнөөс ялгаатай. Өнөөдрийн байдлаар дэлхий дээр 1,300 орчим криптовалют байгаагаас бидний хамгийн их мэдэх криптовалют бол биткойн юм. Уламжлалт эдийн засгийн онолд мөнгөний үндсэн 3 үүргийг арилжааны, тооцооны, хадгалах гэж тодорхойлсон байдаг. Яг үүнтэй адил бид криптовалютын үндсэн шинж чанаруудыг тодорхойлж болно.

  • 1-рт криптовалют нь цахим хэлбэртэй
  • 2-рт 2 хүн хоорондын харилцааны эрхзүй, итгэлцлийг зохицуулахын тулд заавал гуравдагч этгээдээр баталгаажуулдаг байсан. Харин криптовалют нь 2 тал мэдээллийг ямар нэг дундын зуучлалгүй шууд солилцдог болсноороо давуу талтай. Өөрөөр хэлбэл зуучлагч гэсэн талыг дамжихгүй байснаар мэдээллийн тодорхой бус байдлыг алга болгож байгаа юм. Жишээ нь: 2 хүн хооронд санхүүгийн гүйлгээ хийхэд дундын зуучлагч буюу банк, санхүүгийн байгууллага шаардлагагүй шууд хоорондоо хийж болно гэсэн үг юм.
  • 3-рт криптовалют нь төвлөрсөн ямар нэгэн системд багтдаггүй. Энэ нь цаана нь ямар нэг хуулийн этгээд байхгүй гэсэн үг.

Эдгээр үндсэн шинж чанаруудыг хангаж буй криптовалют нь блокчэйн технологи дээр суурилдаг. Тэгэхээр блокчэйн өөрөө харьцангуй өргөн ойлголт юм. Бидний амьдрал дахь мөнгө, бичиг баримт, мэдээлэл зэрэг маш олон зүйлсийг бид нийгмийн харилцаанд оролцохдоо тухайн мэдээллийг өгөх, бүртгэх, шалгах зэрэгт заавал зуучлагчидтай холбогдох шаардлагатай болдог

Гэвч таны эд хөрөнгө, мэдээллийн аюулгүй байдал үргэлж хэн нэгэн зуучлагчийн гарт байдаг. Харин энэ бүгдийн найдвартай байдлыг хангаж чадах технологи бол блокчэйн юм. Өөрөөр хэлбэл аливаа мэдээллийг үнэн зөвөөр, найдвартай тараан байршуулж, хадгалахаас гадна хямд, хурдтай, нууцлал өндөртэй технологи юм. Жишээ нь таны хувийн болон санхүүгийн мэдээллүүд нь банкны серверт хадгалагддаг гэтэл энэхүү серверийг хакердах боломж өндөр байдаг. Харин блокчэйны онцлог бол эдгээр хүндрэлүүдийг шийдэж чадсанд байдаг.

IBM-с 200 банканд явуулсан судалгааны үр дүнгээс дэлхийн топ банкнуудын 15 хувь нь блокчэйн технологи дээр суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн гарахаар төлөвлөж байгаа бол 65 хувь нь блокчэйнтэй холбоотой төслүүдийг хэрэгжүүлж эхэлнэ гэсэн байна. Тодруулбал банк, санхүүгийн байгууллагууд төлбөр тооцооны нууцлалыг блокчэйн технологи дээр суурилан хөгжүүлнэ гэсэн үг юм. Дэлхийн даатгалын салбаруудын төлөөлөл болох  Allianz, Munich Re, Swiss Re, Zurich зэрэг байгууллагууд нь илүү хурдан шуурхай, аюулгүй найдвартай үйлчилгээ үзүүлэхийн тулд блокчэйн дээр тулгуурласан B3i төслийг хэрэгжүүлж байна. Хэрэглэгч, байгууллага хоорондын гэрээ болон гүйлгээний түүх нь блокчэйн дээр хадгалагдах юм. Ингэснээр цаг хугацаа болон үйл ажиллагааны зардлаа багасгах боломж бүрдэж байгааг тус салбарын мэргэжилтнүүд онцолсон байна.

Блокчэйн технологи дээр суурилсан биткойн дээр 200 мянга гаруй үйлчилгээний байгууллага байдаг бөгөөд түүнтэй холбоотой 3000 биткойны АТМ-үүд ажиллаж байна.  Биткойныг томоохон үйлчилгээний байгууллагууд төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байна. Жишээ нь, Туркиш эйрлайн, expedia.com зэрэг томоохон байгууллагуудыг дурдаж болно. Хувийн салбарт гэлтгүй төрийн албан байгууллагад ч энэхүү технологийг нэвтрүүлж эхлээд байна. Эстони улс төрийн үйлчилгээндээ блокчэйн технологийг ашигладаг. 2017 оны 7–р сард ОХУ-ын Улсын Бүртгэлийн Албанд блокчэйн дээр суурилсан төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Тус улсын Новгород мужийн Засгийн газар, блокчэйн технологийн туршилтын төслийг эм хангамжийн системд нэвтрүүлэхээр болсон байна. Татаристан улс өөрсдийн газрын кадастрын бүртгэл, цахим үнэмлэх, Иргэний бүртгэл зэрэг байгууллагуудад нэвтрүүлээд эхэлсэн. Европын холбооноос блокчэйн технологийг төрийн бүх үйлчилгээнд ашиглах тогтоол гаргасан.

Тиймээс ч Монголд энэ чиглэлээр төрийн болон хувийн байгууллагууд аль хэдийн ажиллаад эхэлсэн. Блокчэйн технологийн судлах ажлын хэсэг Монголбанк дээр байгуулагдсан. Монгол Улсын Засгийн газраас блокчэйн технологи дээр суурилсан засгийн газрын үнэт цаасыг гаргах тухай яригдаж байна. Өмнө нь Монгол Улсын хувьд засгийн газрын үнэт цаасыг хэрэглээний хувьд зөвхөн өрийг санхүүжүүлэх зорилгоор ашигладаг байсан бол блокчэйн технологид суурилсан засгийн газрын үнэт цаас гаргаснаар сангийн бодлогын нэг арга хэрэгсэл болгох, хөвөгч хүү тогтоох зэрэг хэрэглээг нь сонгодог утгаар нь бий болгох боломжтой. Түүнээс гадна Блокчэйнд суурилсан хөрөнгийн бирж нь ямар ч брокерийн шаардлагагүйгээр компаниудын хувьцаа, Засгийн газрын бонд, үнэт цаасыг хурдан шуурхай худалдан авч, арилжаалж, гүйлгээ хийх боломжийг бий болгоно. Монгол Улс ухаалаг утас болон интернэтийн хэрэглээгээр дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг. Энэ нөхцөл байдал нь бидэнд давуу талыг бий болгоно.

Өнөөдөр Монгол Улс, аж үйлдвэрийн IV хувьсгалд тэргүүлэх чиглэлд оролцоод явах уу? Эсвэл хоосон ярьж, хөгжлийг хараад хоцорч үлдэх үү? гэдэг л хоёр сонголтын ирмэг дээр байна.