Нүүр хуудас  /  Энгийн нүдээр Санхүү, эдийн засаг

Монголын эдийн засгийг зүйр цэцэн үгээр...

Нийтэлсэн
admin
Он сар өдөр
2020-08-10 13:37:10
Ангилал
Энгийн нүдээр

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ ЗҮЙР ЦЭЦЭН ҮГЭЭР...

Эдийн засгийн зарим ойлголтууд бидэнд нарийн төвөгтэй мэт санагддаг. Хэзээ унаж, хэзээ өсөх нь таамаглахад бэрх байдаг. Харин тухайн үзүүлэлтүүдийн явдаг жим, замыг нь ойлгосон үед сая тааварлахад арай дөхөм болно. Тиймээс тус онцлогийг нь ойлгох үүднээс зүйр цэцэн үгээр илэрхийлье.

Эдийн засгийн өсөлт.

Хавар хачиг намар өег гэдэг шиг манай эдийн засаг зэс, нүүрсний үнийн өсөлт, бууралтаар илэрхийлэгддэг. 2008 оны их хямралын дараа таваарын зах зээл сэргэж, Оюутолгой ч ашиглалтад орсноор дэлхийн хамгийн өндөр өсөлттэй орнуудын толгойд явж байв. Харин 2014 оноос хойш нөгөө чулууны үнэ буурч, өр ширийн дарамтад орж бараг дампуурах шахсан. 2016 онд нүүрсний үнэ сэргэж, өрийг өрөөр дарж сая нэг эдийн засаг маань амьсгалах хэмжээнд хүрэв. Одоо бидэнд бүрэн амьсгал авч, хүссэнээрээ хөдлөх 2-3 жил байна. 2022 оноос төсвийн орлогын 40 хувьтай тэнцэхүйц гадаад зээлийн эргэн төлөлт биднийг хүлээж байгаа. Мөн тухайн үед түүхий эдийн үнэ унах хандлагатай байгаа зэрэг нь хүнд жилүүд ирж байгааг илтгэж байна.

Эх сурвалж: ҮСХ

Инфляц

Муу нэрийг хусавч арилдаггүй сайн нэрийг хүсэвч олдоггүй гэдэг шиг 1990-д он гарснаар инфляц 324 хувьд хүрч байсан удаа бий. Түүнээс хойш чөлөөт зах зээлийн системд шилжсэн улсад инфляц гэж ийм хортой зүйл байдаг гэдгийг ард иргэд маань яс махаараа шингэтэл ойлгож авав. Хэдийгээр сайн, муугаар дуудуулж ирсэн ч сүүлийн 9 жилд дунджаар 8.5 хувьтай буюу 1 оронтой тоонд байна. Ирэх 2 жилд төсвийн тэлэх бодлого хэрэгжихээр байгаа нь инфляц 2 оронтой тоон руу орох эрсдэлийг бий болгож байгаа юм.

Эх сурвалж: ҮСХ

Ам.долларын ханш

Алтаар алтдавч өнгө орохгүй, амтатныг идүүлэвч тэнхрэхгүй. Ам.долларын ханш байнгын л өсөх чиглэлд хөдөлж байдаг. Сүүлийн 10 жилд гэхэд ам.долларын ханш манайд 113 хувиар өсжээ. Эдийн засаг сайн байсан ч, валютын нөөц хангалттай байсан ч хүчтэй орны валют учраас унахдаа тун дургүй. 2011 онд эдийн засгийн өсөлт 17.3 хувьд хүрч, дэлхийн хамгийн өндөр өсөлттэй эдийн засгуудын нэг байх үед валютын их хэмжээний орох урсгал бий болсноор ам.долларын ханш унаж байжээ.

Эх сурвалж: ҮСХ

Улсын төсөв.

Хэлж өгөвч чих нь цоорхой, хийж өгөвч сав нь цоорхой шиг манай төсөв эдийн засгийн сайн муу бүх жилүүдэд л алдагдалтай байдаг. 2008-2017 оны хооронд төсөв маань дандаа алдагдалтай явж ирсэн. Азаар нүүрсний үнэ өсөж, 2018 оноос төсөв ашигтай гарсан билээ. Сүүлийн 18 жилд манай төсвийн орлого 30 дахин томорчээ. Гэвч төсвийн алдагдал буурахгүй байгаа нь төсвийн үр ашиггүй байдал муу байгаагийн илрэл.

Эх сурвалж: ҮСХ

Гадаадын шууд хөрөнгө оруулалт

Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй гэдэг шиг гаднын шууд хөрөнгө оруулалт ирсэн шигээ гараад л явна. Тэдэнд бидний ямар байдалтай үлдэх, яах нь огтхон ч хамаагүй. Харин бид энэ үе дээр нь нөгөө гоё СОЛОНГО гэх мэт үгээ хэрэглээд, эдийн засгаа төрөлжүүлэх ажлаа хийх хэрэгтэй. 2012 оноос хойш манайд хийгдсэн ГШХО- нь эдийн засгийн өсөлттэй нягт уялдаатай болохыг харж байна. Цаашид ч бидэнд энэ хамаарлаас гарахад хэцүү байх болно. Угаас л аж үйлдвэржсэн орнууд хөгжиж буй орнуудаас түүхий эдээ авах замаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Харин бид бүтээгдэхүүнийг нь эргээд өндөр үнэтэй худалдаж авдаг.

Эх сурвалж: Монголбанк, ҮСХ